Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Япон улсын Фүкүй мужийн үлэг гүрвэлд суурилсан аялал жуулчлал, орон нутгийн хөгжлийн туршлагыг Өмнөговь аймагт нэвтрүүлэх боломжийг хэлэлцсэн “Дэлхийд танигдах үлэг гүрвэлийн брэнд бүтээх нь” семинарыг энэ сарын 11-нд зохион байгууллаа.
Семинарт Говийн байгаль, түүхийн музейн ажилтнууд, жуулчны баазын төлөөлөл, гар урчууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон орон нутгийн иргэд зэрэг 50 гаруй хүн оролцжээ.
Семинарын үеэр Японы Фүкүй мужийн үлэг гүрвэлийн судалгаа, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн туршлагыг танилцууллаа.
Мөн Өмнөговь аймгийн үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн баялаг нөөцөд түшиглэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн үлэг гүрвэлийн өвийг эдийн засгийн эргэлтэд оруулахад иргэд, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалаас нутгийн иргэд хүртэх үр өгөөжийг өсгөх асуудлыг хэлэлцсэн юм.
Өмнөговь аймаг үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн арвин баялаг өвөөрөө олон улсад танигдах боломжтой. Энэхүү нөөцийг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлснээр орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, гадаадын жуулчдыг татах ач холбогдолтой юм.
Семинарыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгууллаа.