Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар намрын ургацынхаа 88.1 хувийг хурааж аваад байгааг Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр мэдээллээ.
Нийт 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаан буудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га-гаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га-гаас 39.3 мянган тонн тосны ургамал хурааж аваад байгааг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат танилцуулсан юм.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаан буудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөжээ.

Одоогоор “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-д хүнсний улаан буудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянга, гурилын үйлдвэрүүдэд 185 мянга, малын тэжээлд 78.1 мянга, спиртийн үйлдвэрт 6.2 мянга, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаан буудайн нөөц бүрдүүлээд байна.
Түүнчлэн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөн, сонгон шалгаруулалтад 25 аж ахуйн нэгжээс 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирүүлжээ.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулахыг цахимаар бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлэхээр бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлыг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг, “E-Barimt” аппликейшнээр хүргэж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор ХХААХҮ-ийн сайдын багцад баталсан 120 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр сайд Ц.Идэрбатад даалгалаа.