Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Увс аймгийн музейн хамт олон цахим хуудсаараа дамжуулан сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн гэрэл зургуудыг олон нийтэд танилцуулж байна. Энэ удаад Баруун Монголын алдарт туульч Э.Намилан, О.Цэдэв, Баглаа нарын гэрэл зургийг онцоллоо.

Дөрвөдийн туульч, тэнгэр захирагч, оточ, лам Эвэгийн Намилин 1911-1975 онд амьдарч байжээ. Тэрбээр Дөрвөд далай хааны нутаг, одоогийн Увс аймгийн Түргэн суманд төрж, Төгсбуянтын хүрээнд шавилан суужээ. Э.Намилин 1937-1947 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, шоронд хоригдож байсан түүхтэй. Тэрбээр “Алтайн магтаал”, “Гэсэр”, “Жангар”, “Хан харангуй” зэрэг туулийг хайлдаг байжээ. 1962 онд Хэл зохиолын хүрээлэнгийн урилгаар Улаанбаатар хотод ирж, тууль хайлсан бөгөөд түүний хайлсан туульсын бичлэг, хэвлэмэл бүтээлүүд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн архивт хадгалагдаж байна. Түүнийг бурхан болоход хэрэглэж байсан төөрүүл малгайг нь шавь, Бөхмөрөн сумын туульч Цагаандайн Зодовт өвлүүлэн өгсөн гэдэг.

Баядын туульч Осорын Цэдэв 1915-1975 онд амьдарч байжээ. Тэрбээр Дөрвөд далай хан аймгийн Арван баядын хошуу, Түшээ гүний хошуу буюу одоогийн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн Байраг хэмээх газарт төржээ. О.Цэдэв багаасаа ааваасаа ардын аман зохиол, дуу шүлэг, үлгэр домог сонсож, “Хан харангуй”, “Бум-Эрдэнэ” зэрэг туулийг өвлөн сурчээ. Тэрбээр үе үе тууль хайлж, нутаг усныхнаа баясгадаг байсан гэдэг.

Дөрвөдийн туульч Баглаа нь “Эрийн сайн Хан харангуй”, “Эрдэнийн буйман баатар”, “Дань хүрэл”, “Арслан хөх морьтой Аюу бодьсад” зэрэг 23 тууль хайлдаг, мөн ерөөл магтаал хэлдэг авьяастан байжээ. Түүний амьдрал, уран бүтээлийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хомс байна.
Монгол тууль нь хүн төрөлхтний соёлын хосгүй өвийн нэг бөгөөд туульчид нь зөвхөн уран сайхны уламжлалыг тээгчид төдийгүй түүх, зан заншил, ардын гүн ухааныг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг онцлогтой. Монгол тууль 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгджээ.