Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Ховд сумын нутгийг дамнан оршдог “Гулзат” агнуурын бүсэд аргалийн тоо толгой сүүлийн жилүүдэд өсжээ. Тус бүсэд 2002 онд 1489 аргаль тоологдож байсан бол 2019 онд 1794, энэ оны аравдугаар сард хийсэн судалгаагаар 1960 болж нэмэгдсэн байна.
Монгол төдийгүй дэлхийд ховордсон зэрлэг амьтдын нэг аргаль нь Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог амьтдын нэг юм. Аргалийн эрийг угалз, эмийг аргаль, төлийг хурга гэдэг.
Угалзны биеийн урт 140-180 см, сэрвээний өндөр 100-125 см, жин 110-200 кг хүрдэг бол эм аргаль 130-160 см урт, 95-115 см өндөр, 80-100 кг жинтэй. Угалз нь том биетэй, хүчирхэг угалзалсан эвэртэй байдаг бол эм аргаль богино, жижиг эвэртэй. Зүс нь цайвар хүрнээс боровтор хүрэн өнгөтэй.
Аргаль уулын өтгөн өвстэй зоо нуруу, задгай хээр, хад асга багатай толгодоор нутаглаж, олон төрлийн өвслөг болон бутлаг ургамлаар хооллодог. Зуны улиралд өглөө, оройн сэрүүнд идэвхтэй бэлчээрлэдэг бол өвөл өдөржин идэш тэжээлээ хайдаг. Хялгана, сонгино, мангир зэрэг ургамлын ногоон хэсэг, цэцэг, навч, ишээр голлон хооллоно.
Аргаль 2.5-3 насандаа бие гүйцэж үржилд ордог. Харин угалз таван наснаасаа ороо хөөцөлдөөнд орж, 10-20 эм аргаль хураан сүрэг бүрдүүлдэг байна. Арваннэгдүгээр сарын эхээр нийллэг эхэлж, эм аргаль 5.5 сар хээлээ тээн, ихэвчлэн нэг, хааяа хоёр хурга гаргадаг. Мөн үс ноосоо тавдугаар сарын дунд үеэс зургаадугаар сарын сүүл хүртэл гуужуулдаг ажээ.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2002 оноос эхлэн хоёр жил тутамд Увс аймгийн хил орчмын аргалийн тоо толгой, тархац нутгийг судалж иржээ. Судалгаагаар аргалийн тархац нутгийн 14 хувь нь улсын тусгай хамгаалалтад багтдаг байна.






#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар - The Nature Conservancy in Mongolia (TNC)
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation