Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Увс аймгийн музейн сан хөмрөгт энэ онд иргэд, байгууллагаас бэлэглэсэн болон бусад музейгээс шилжүүлсэн 20 гаруй үзмэр нэмэгджээ.
Тэдгээрийн дотор Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбал болон түүний гэр бүлийн хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн хүмүүсийн хөрөг зураг, ахуйн хэрэглээний дурсгалт зүйлс багтсан байна.
Тухайлбал, Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг эцгийнхээ дурсгалын зүйлийг музейд бэлэглэжээ. Мөн өөрийн ээж Анастасия Ивановна Филатовагийн хэрэглэж байсан нүдний шилийг хандивласан байна.
Түүнчлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн шагналт зураач, зураасан зургийн мастер Д.Гунгаа өөрийн зурсан Монгол Улсын сайн малчин, “Фронт” хэмээх Энгэлийн Бадамын хөргийг музейд бэлэглэжээ.
Харлаг бэйс Аюурзаны гэргий Баяндалайн Дэжидийн хэрэглэж байсан оёдлын машиныг ач хүү М.Төрбат нь музейн сан хөмрөгт шилжүүлсэн байна.
Мөн Тусгаар тогтнолын музейгээс үзмэр шилжүүлгийн журмаар задгай хатгамлаар урласан Владимир Ильич Лениний хөрөг, Маршал Ю.Цэдэнбалын эх Б.Заяагийн хөргийг Увс аймгийн музейд шилжүүлжээ.
Үүнээс гадна ОХУ-ын иргэн Галина Попова Увс нуурын хөвөөнөөс олсон шавар ваарыг музейн сан хөмрөгт хандивласан байна.
Увс аймгийн музей иргэдийн бэлэг, хандив болон бусад музейгээс шилжүүлсэн үзмэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэн авч, сан хөмрөгөө баяжуулдаг ажээ.



