Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Боловсролын газар Улаангом политехник коллежтой хамтран “Тогоочийн сэтгэл-хүүхдийн эрүүл мэнд” анхдугаар уралдааныг энэ сарын 4-нд сургууль, цэцэрлэгийн тогооч нарын дунд зохион байгуулна.
Уралдаан нь хүүхдийн эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хооллолтыг дэмжих, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах, орон нутгийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой. Мөн тогооч нарын мэргэжлийн ур чадварыг сорих, шинэ санаа, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа бөгөөд “Идэш багш” хөгжлийн төв ивээн тэтгэж байна.
Оролцогчид хоёр төрлөөр өрсөлдөнө. Эхний төрөлд хүүхдэд зориулсан өөрийн нэрийн хоолыг урьдчилан боловсруулсан жор, технологийн дагуу бэлтгэж ирэх бол хоёр дахь төрөлд өгөгдсөн хүнсний материалаар хоол хийж, ур чадвараа сорих юм.
Уралдаан маргааш 09:00 цагт Улаангом сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн урлагийн зааланд эхэлнэ. Зохион байгуулагчид аймгийн сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг өргөнөөр оролцохыг уриалжээ.