Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд боллоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара энэ үеэр хэлэхдээ, “Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 633 дахь, Төв аймагт хэрэгжих 26 дахь төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд түргэн тусламжийн машины хэрэгцээ шаардлага ихтэй Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Лүн, Алтанбулаг, Цээл сумын Эрүүл мэндийн төвд Япон Улсад ашиглаж байсан 6 түргэн тусламжийн машиныг энэ онд багтаан хүлээлгэн өгөх юм. Үүний үр дүнд дээрх эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн машины хүрэлцээ, хангамж сайжирч, иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тус төсөл нь Япон Улс, Монгол Улсын Төв аймгийн хамтын ажиллагааг улам бүр биежүүлэн гүнзгийрүүлж, хоёр талын найрсаг харилцаанд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тус үеэр хэлэхдээ, “Монгол, Япон хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж, орон нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, нийгмийн суурь өөрчлөлтийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Төв аймаг нь 27 сум, 97 багтай, Монгол Улсын хамгийн олон сум, багтай аймаг. Уг төсөл хэрэгжсэнээр манай аймаг түргэн тусламжийн машинаар хангагдаж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Цаашид манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үр дүнтэй, өгөөжтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ хэмээн найдаж байна” хэмээв.
“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг буй юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд тус улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэсээр иржээ.

