Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархинд цус харвах өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг.
Олон улсад 2006 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бол Монголд 2009 оноос хойш энэ өвчнийг таниулах ажлыг хийж байгаа юм. Дэлхий даяар жилд 12-13 сая хүн тархинд цус харвах эмгэгээр өвчилдөг. Үүнээс 5.0 сая орчим нь нас бардаг бол 4.5 сая гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй болж, үлдсэн нь эрүүл амьдралдаа буцаж ордог гэсэн тоон үзүүлэлт байдаг аж.
Харин Монголд 100 мянган хүнээс дунджаар 200 нь дээрх эмгэгээр өвчилдөг аж. Харвалтаар шаналж буй монгол иргэдийн дундаж 59 нас байдаг нь бусад улсынхтай харьцуулахад 10 насаар залуу байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн дэлхийд эмэгтэйчүүд илүү өвчилдөг бол Монголд урвуу буюу эрэгтэйчүүд илүү өвчилдөг байна. Харвалтын улмаас нас барж байгаа иргэдийн дийлэнх хувийг эрчүүд эзэлж буй талаар өнөөдөр Тархинд цус харвалтын нийгэмлэгээс зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Энэ үеэр Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэлийн эмгэг судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам, “Энэ жилийн харвалттай тэмцэх өдрийг “Every M1nute Counts” буюу “Минут бүр үнэ цэнтэй” уриан дор өрнүүлнэ. Мөн энэ жил Монгол Улс анх удаа үндэсний хэмжээнд тархинд цус харвах эмгэгээр өвчлөгсдийн судалгааг хийж байгаа. Урьдчилсан дүгнэлтээр Архангай, Хөвсгөл аймагт тархины харвалт улсын дунджаас их байгааг тогтоосон. Энэ судалгааг бүтэн жил үргэлжлүүлсний эцэст илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой” хэмээн ярилаа.
Тархины цус харвалтын нийт тохиолдлын 80-90 хувьд урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн байдаг. Улаанбаатар хотын хүн амын дунд 2019-2021 онд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалт нэмэгддэг болохыг тогтоожээ. Агаарын бохирдол нь тархины харвалт үүсэх гол хүчин зүйл гэдгийг олон улсад хийсэн судалгаагаар батлагдсан асуудал аж. Тиймээс хүйтний улиралд артерийн даралтаа өглөө, оройдоо хэмжиж хэвших, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах зэрэг энгийн байдлаар урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.