Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /Anadolu/. АНУ-ын технологийн “Google” компани Вайоминг муж улс дахь анхны өгөгдлийн төвөө байгуулахад зориулан урт хугацаанд 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо мэдэгджээ.
Тус компани Вайомингийн Ларами тойрогт хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Tallgrass Energy”, “Black Hills Energy”, “American Electric Power” /AEP/ болон “Related Digital” компаниудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байна.
Төслийн хүрээнд “AEP” компанитай байгуулсан гэрээний дагуу нийт 702 мегаваттын хүчин чадалтай, үйлдвэрлэлийн зориулалттай түлшний элементүүдийг суурилуулж, нүүрстөрөгчийн давхар ислийг барьж, хадгалах технологийг ашиглахаар төлөвлөжээ. Энэ нь ийм төрлийн технологи ашиглах хамгийн томоохон төслүүдийн нэг болох юм.
“Bloom Energy” компани АНУ-д байгалийн хийгээр ажилладаг түлшний элементүүдийг үйлдвэрлэх бол “Tallgrass” компани ялгарлаас ялган авсан нүүрстөрөгчийн давхар ислийг Вайомингийн зүүн нутаг дахь байгууламждаа байнгын хадгалалтад шилжүүлэх юм.
Шинэ гэрээ байгуулснаар “Google” компанийн АНУ дахь нүүрстөрөгчийн давхар ислийг барьж, хадгалах технологитой холбоотой эрчим хүчний нийт хүчин чадал бараг нэг гигаваттад хүрчээ.
Компанийн мэдээлснээр, шинэ өгөгдлийн төвийг орон нутгийн усны нөөцөд нэмэлт ачаалал үүсгэхээс сэргийлэн агаараар хөргөх системээр тоноглоно. Харин цахилгаан эрчим хүчийг “Tallgrass” болон “Black Hills Energy” компаниудын байгалийн хийн цахилгаан үүсгүүрүүдээс хангахаар төлөвлөжээ.
Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд Ларами тойрог болон тус тойргийн Сургуулийн нэгдүгээр дүүрэгт үл хөдлөх хөрөнгийн татвараас хэдэн зуун сая ам.долларын орлого төвлөрнө гэж тооцоолж байгааг “Google” компани мэдээлсэн байна.