Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /Kyodo/. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Японы Засгийн газар гамшгийн үеийн хариу арга хэмжээг удирдан зохицуулах, олон төрлийн болзошгүй аюул, гамшгийн хохирлыг бууруулах бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий шинэ агентлагийг даваа гарагт байгуулжээ.
Төв байр нь Токио хотод байрлах Гамшгийн удирдлагын үндэсний агентлаг нь Японы хонхор, Чишимагийн хонхор, Нанкайн хагарал болон Токио хотын төв орчим зэрэг хүчтэй газар хөдлөх эрсдэлтэй бүс нутгуудад орон нутгийн засаг захиргаатай гамшгийн үеийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор бүс нутгуудад салбар төвүүд байгуулах ажээ.
Бүс нутгийн төвүүдийг хаана байгуулахыг 2027 оны зун шийдвэрлэж, 2028 оны долоодугаар сар гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж байна.
Шинэ агентлагийг Ерөнхий сайд Такаичи Санаэ удирдах бөгөөд Сэргээн босголтын асуудал эрхэлсэн сайд Хосоно Гоши Гамшгийн удирдлагын асуудал эрхэлсэн сайдын үүргийг хавсран гүйцэтгэнэ гэж сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
2021 оны есдүгээр сард Цахим технологийн агентлагийг байгуулснаас хойш Японы Засгийн газрын шууд харьяанд шинэ агентлаг байгуулсан анхны тохиолдол энэ болж байна.
Аадар бороо, галт уулын дэлбэрэлт зэрэг гамшгийн үеийн хариу арга хэмжээг мөн зохицуулах тус агентлагийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг бол төсөв хөрөнгө хязгаарлагдмал, гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн дутмаг орон нутгуудын засаг захиргаанд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх явдал юм.
Гамшгийн эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн сайд нь бусад яам, агентлагт зөвлөмж, чиглэл өгөх эрхтэй байх бөгөөд тэдгээр байгууллагын авсан арга хэмжээ хангалтгүй гэж үзсэн тохиолдолд тэдгээр нь сайдын зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй.
Тус агентлаг мөн 2024 онд хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Ното хойг, энэ оны долоодугаар сард 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Кумамото муж зэрэг гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгох ажлыг хариуцах ажээ.