Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /Kyodo/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын (ЮНЕСКО) зөвлөх хороо Японы уламжлалт уран бичлэг болох “шодо”-г Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэхийг зөвлөсөн тухай Японы Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ.
Энэхүү зөвлөмжийг үндэслэн ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны хурлаар уг өвийг жагсаалтад бүртгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Тус хурал 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 5-ны хооронд БНХАУ-ын Шямэнь хотод болно.

Хэрэв бүртгэсэн тохиолдолд Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлтэй Японы өвийн тоо 24 болно. Эдгээрт сакэ, шочү зэрэг нэрмэл архи үйлдвэрлэх уламжлалт арга багтдаг байна.
Японы Соёлын хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, шодо нь ханз, кана үсгийг бийр, бэхээр бичдэг уламжлалт урлаг юм. Тус улсад хятад ханз үсгийг нэвтрүүлснээс хойш уран бичлэгийн өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг хөгжүүлжээ.
Хятадын уламжлалт уран бичлэгийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад өмнө нь бүртгэсэн байна.
Японы Соёлын хэрэг эрхлэх зөвлөл 2023 онд "шодо"-г ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг 2025 онд хүргүүлснээр ийнхүү бүртгэх зөвлөмж гарчээ.