Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн тэмээн сүргийн тоо толгойг нэмэх, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого, цаашдын зорилтыг хэлэлцсэн аймгийн тэмээчдийн хоёрдугаар зөвлөгөөн Ургамал суманд боллоо.
Тэмээчдийн анхдугаар зөвлөгөөнөөс хойш 50 жилийн дараа зохион байгуулсан энэ удаагийн зөвлөгөөнд 300 орчим хүн оролцов.
Зөвлөгөөнд 100-аас дээш тэмээтэй Дөрвөлжин, Ургамал, Сантмаргац, Завханмандал, Алдархаан, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Баянтэс, Улиастай, Цагаанчулуут, Шилүүстэй, Цэцэн-Уул, Их-Уул сумын тэмээчид, улсын аварга малчид, сумын удирдлагууд, аймгийн удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид болон хамтран зохион байгуулагчид оролцсон талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Завхан аймаг 1940 онд 57.5 мянган тэмээ тоолуулж байсан нь түүхэн дээд үзүүлэлт юм.
Харин түүнээс хойш тэмээн сүргийн тоо толгой буурч, 1950 онд 38.1 мянга, 1960 онд 36.8 мянга, 1970 онд 20.9 мянга болжээ. Улмаар 2010 оны зудын дараа 5.8 мянга болж цөөрсөн байна.
2025 оны жилийн эцсийн мал тооллогоор аймгийн хэмжээнд 8826 тэмээ тоологдсон нь 2010 оны зудын дараах үеэс өссөн үзүүлэлт боловч 1940 оны түүхэн дээд хэмжээнээс 84.7 хувиар бага хэвээр байна.
Сумуудаас Дөрвөлжин 2.3 мянган тэмээтэйгээр тэргүүлж байгаа бол Ургамал сумын Хульж баг 1000 орчим тэмээтэйгээр багуудын хэмжээнд тэргүүлжээ. Тэмээний аж ахуй нь Завханы баруун бүсийн говь, хээрийн нутгийн мал аж ахуйн уламжлалт төрөл бөгөөд Дөрвөлжин, Ургамал, Завханмандал зэрэг суманд түлхүү хөгжих боломжтой юм.

“Завхан аймгийн тэмээн сүргийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийлээ.
Тэрээр тэмээн сүргийг өсгөх, тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ирэх оноос бойжуулсан ботго тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох, үүлдэр угсааг сайжруулах, ингэний ферм байгуулах, тэмээчдэд зориулсан арга хэмжээг тогтмолжуулах, хамгийн олон ботго бойжуулсан малчныг урамшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр бодлого, төлөвлөлт боловсруулж байгааг танилцуулав.

Эдгээр зорилт нь тэмээний ноос, ингэний сүү зэрэг бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлж, түүхий эдийн үнэ цэн, малчдын орлогыг нэмэгдүүлэх замаар “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдаж байгаагаараа онцлог юм.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат зоотехникч, ХААИС-ийн хүндэт доктор Л.Лхаасүрэн “Завхан аймгийн тэмээн сүргийн тогтвортой өсөлт” сэдвээр илтгэл тавьж, улсын аварга тэмээчин Ж.Мандахнар, Д.Наран нар тэмээ маллах арга туршлагаасаа хуваалцав.

Зөвлөгөөнөөс ботго бойжуулсан малчдад урамшуулал олгох, тэмээчдийн холбоо байгуулах, тэмээчдийг дотоод, гадаадад туршлага судлуулах, тэмээний аж ахуйд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр зөвлөмж гаргаж, олонхийн саналаар баталжээ.

Мөн үеэр Завхан аймгийн Тэмээчдийн холбоог байгуулж, тэргүүнээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Тамирыг сонгосон байна.
Зөвлөгөөний хүрээнд тэмээний ашиг шимт бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэмээний сүү, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын боломжийг танилцууллаа.