Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймаг бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, малчдын түлш шатахууны зардлыг бууруулах, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх зорилгоор энэ онд таван сумын бэлчээрийн худгийг нарны эрчим хүчээр ажилладаг системд шилжүүлжээ.
Ургамал, Алдархаан, Цэцэн-Уул, Дөрвөлжин, Тэлмэн сумын бэлчээрийн худгуудыг нарны цахилгаан үүсгүүрээр тоноглож, ус татахад ашигладаг уламжлалт түлшний хэрэглээг бууруулах нөхцөл бүрдүүлсэн байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хэлэхдээ, “Бид бэлчээрийн худгуудыг шатахуунаар ажиллуулдаг тогтолцооноос сэргээгдэх эрчим хүч ашигладаг, ногоон шийдэлд үе шаттай шилжүүлэх бодлого баримталж байна. Энэ жил АДАПТ төсөлтэй хамтран таван сумын таван худгийг нарны эрчим хүчээр ажиллуулдаг болголоо. Ингэснээр тухайн худгаар малаа усалдаг малчид ус татахын тулд бензин, шатахуун худалдан авах шаардлагагүй болж, ашиглалтын зардлаа бууруулах боломжтой юм. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлж, аймгийн бүх сумын бэлчээрийн худгийг үе шаттайгаар нарны эрчим хүчээр ажиллуулахад дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.

Энэхүү ажил нь Завхан аймагт хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн нөөцийг зохистой ашиглах бодлогын нэг хэсэг юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээлснээр, Завхан аймагт сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малын тоо толгой 1.9 дахин нэмэгдэж, бэлчээрийн доройтол 50.8 хувьд хүрчээ. Түүнчлэн 1940-2021 онд бүс нутгийн жилийн дундаж температур 2.4-3.1 хэмээр нэмэгдэж, хур тунадасны хэмжээ буурсан нь бэлчээр, усны нөөцөд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Ногоон уур амьсгалын сангийн санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд Завхан аймагт сүүлийн гурван жилд 15 сумын 21 багт инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, гурван багийн худгийг сэргээн засварлажээ. Эдгээр ажилд нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд санхүүжилтийн 70 хувийг төслөөс, 30 хувийг орон нутгийн төсвөөс гаргасан талаар төслийн Завхан аймаг дахь зохицуулагч Ц.Энхтуяа мэдээллээ.
АДАПТ төсөл нь Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар гэсэн дөрвөн аймагт хэрэгжиж, ус, бэлчээрийн нөөцийн тогтвортой менежментийг сайжруулах, малчин өрхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Ийнхүү бэлчээрийн худгийг нарны эрчим хүчээр ажиллуулах нь малчдын түлш шатахууны зардлыг бууруулахын зэрэгцээ алслагдсан бэлчээрийн усан хангамжийг тогтвортой байлгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах ач холбогдолтой. Цаашид энэ шийдлийг аймгийн хэмжээнд үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж байна.