Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Яруу сумын уугуул, доктор Ч.Гансүхийн урласан дэлхийн хамгийн жижиг модон монгол шатрын нэгийг аймгийн музейн сан хөмрөгт хүлээн авч, “Оюунлаг Завхан” шатрын үзэсгэлэнг нээлээ. Мөн энэ хүрээнд өсвөрийн шатарчдын нээлттэй тэмцээнийг зохион байгуулж, гурван насны ангилалд 65 хүүхэд оюун ухаанаа сорьжээ.
Эдгээр үйл ажиллагааг “Монгол бахархал – Бүтээлч сар” аяны хүрээнд Завхан аймгийн музей, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулсан байна.
Дэлхийн хамгийн жижиг модон монгол шатрын нэгийг музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө
“Оюунлаг Завхан” шатрын үзэсгэлэнгийн нээлт арваннэгдүгээр сарын 1-нд болж, аймгийн музейн захирал Ж.Юнрэндорж, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Ж.Норолхоожав, Монголын Үндэсний номын сангийн гар бичмэл судлалын сан хөмрөгч, доктор Ч.Гансүх нар оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ.
Үзэсгэлэнгийн онцлох бүтээл болох бяцхан модон монгол шатрын иж бүрдлийг доктор Ч.Гансүх 2006 оны долдугаар сарын 20-нд Унгар улсын нийслэл Будапешт хотод урласан байна.

Тэрбээр шатрын ширээг нарс модоор, бод болон хүүг царс модон шүдний чигчлүүрээр хийж, хөлгийн дөрвөлжин нүдийг цаасан дээр зурж, хайчилж наан бүтээжээ. Бүтээлийг томруулдаг шил ашиглалгүй, өөрийн хараагаар, жирийн болон гараар урласан жижиг сийлбэрийн хутгаар хийсэн нь онцлог юм.
Тус үзэсгэлэнд доктор Ч.Гансүхийн бүтээлээс гадна аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 12, иргэдийн хувийн цуглуулгын гурван шатар буюу нийт 16 бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Өсвөрийн 65 шатарчин оюун ухаанаа сорив
“Оюунлаг Завхан” өсвөрийн шатарчдын нээлттэй тэмцээнийг аравдугаар сарын 29-30-нд зохион байгуулж, 6-9, 10-13, 14-16 насны ангилалд нийт 65 хүүхэд оролцсон байна.
Тэмцээний зорилго нь хүүхэд, өсвөр үеийнхний шатрын спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, бие даан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ түүх, соёлын өвийг сурталчлан таниулахад чиглэжээ.

Тэмцээний ангилал тус бүрийн эхний гурван байрыг 6-9 насны төрөлд Ц.Өсөхбаяр, Г.Ананд /Түмэн нүүдэл клуб/, Б.Мөргүн /Шинэ эхлэл клуб/, 10-13 насны төрөлд Э.Нямдорж /Шинэ эхлэл клуб/, С.Цолмон /Түмэн нүүдэл клуб/, А.Амингоо Жавхлант цогцолбор сургууль/, 14-16 насны төрөлд Н.Тэргэл /Жавхлант цогцолбор сургууль/, Н.Ган-Эрдэнэ /Түмэн нүүдэл клуб/, Н.Төгс-Од /Дэвшил сургууль/-ийн шатарчид тус тус тэргүүлжээ.

Ангилал бүрийн эхний гурван байрт шалгарсан тамирчдыг үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн шагналаар урамшууллаа.
“Оюунлаг Завхан” үйл ажиллагаа нь шатрын спортыг хүүхэд, залуучуудад сурталчлахын зэрэгцээ монгол шатрын уламжлал, ур хийц, соёлын өвийг олон нийтэд таниулсан үйл ажиллагаа болсон талаар Завхан аймгийн Музейгээс мэдээллээ.