Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Шувуудын намрын нүүдэл эхлэхэд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын байгалийн цогцолборт газар нүүдлийн шувуудын замд чухал түшиц нутаг болдог.
Хар, Дөргөн, Бага нуурын зэгсэн шугуй, Завхан голын хөндий, татмын ой, ус намгархаг газар нь олон зүйлийн шувуу нүүдлийн замдаа түр саатаж, идэш тэжээлээ нөхөн авах, хүчээ сэлбэх таатай орчин бүрдүүлдэг.
Хомын талд 140 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд өмнөд хэсэгт оршдог Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын (IBA) жагсаалтад бүртгэгдсэн. Реликт цахлай, борцгор хотон, усны нөмрөг бүргэд зэрэг ховор, нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар юм. Хар нуурын эрэг, Дөргөн нуурын хоолой орчмын үргэлжилсэн зэгсэн шугуй, усны ургамал нь усны шувууд амрах, хооллох, зарим зүйл нь үүрлэх боломжтой амьдрах орчныг бүрдүүлдэг.
Намрын нүүдлийн үеэр Хомын талын ус намгархаг газрыг галуу, нугас, шумбуур, шунгуур, тогоруу болон эргийн шувууд өргөн ашигладаг. Тухайлбал, хошуу галуу, хээрийн галуу, бор нугас, зээрд нугас, улаанхошуут биваан, улаанхүзүүт шумбуур, отгот шунгуур, тураг гогой, хархираа тогоруу, умардын хавтгаалж, морин хараалай зэрэг нүүдлийн шувуу ажиглагддаг байна.

Нөмрөг бүргэд
Эдгээрээс усны нөмрөг бүргэд Хомын талын шувуудын дундаас онцгой анхаарал татдаг. Судалгааны мэдээллээр, энэ зүйл шувуу нүүдлийн үедээ Завхан гол, Хомын талд олноор сүрэглэн тохиолддог бөгөөд зарим намар орой цөөн тоогоор ажиглагддаг байна. Тус шувуу нь Хомын тал орчмын ус намгархаг экосистемийн төлөв байдлыг илтгэх ач холбогдолтой ховор зүйлүүдийн нэг юм.

Реликт цахлай
Мөн реликт цахлай нь Хомын талын ус намгархаг газрын бас нэг онцлох шувуу юм. Дэлхийн тархац нь хязгаарлагдмал, хамгааллын өндөр ач холбогдолтой энэ зүйл Бага нуур зэрэг усны орчныг нүүдэл, үржлийн амьдралынхаа тодорхой үе шатанд ашигладаг. Харин борцгор хотон нь Хомын тал орчмын томоохон усан сангуудтай холбоотойгоор тохиолддог, дэлхийн хэмжээнд ховордсон усны шувуудын нэг юм. Өмнө нь энэ бүс нутагт өндөглөж байсан тухай бүртгэл бий бөгөөд сүүлийн үед зусах, дамжин өнгөрөх байдлаар ажиглагддаг байна.
Хомын талын шувуудын олон янз байдалд байгалийн тогтоц, амьдрах орчны олон хэв шинж нэг дор хосолсон байдал чухал нөлөөтэй. Цөлөрхөг болон хуурай хээр, элсэн манхан, уулын хээрээс гадна нуур, гол, зэгсэн шугуй, татмын ой, нуга зэрэг өөр өөр экосистем богино зайд зэрэгцэн оршдог. Энэ нь нүүдлийн шувуудын хувьд хоол тэжээлээ нөхөх, амрах, аюулаас хоргодох олон сонголтыг бий болгодог.
Иймээс Хомын тал нь зөвхөн тахийн уугуул нутаг төдийгүй Төв Азийн нүүдлийн шувуудын замд орших экологийн чухал түшиц нутаг юм. Нүүдлийн шувуудын хувьд нэг нуур, нэг зэгсэн шугуй ч хэдэн мянган километр үргэлжлэх аяллынх нь дараагийн өртөө хүртэл амьд үлдэхэд чухал үүрэгтэй байдаг. Намрын нүүдлийн үеэр Хомын талын тэнгэрт үзэгдэх сүрэг шувууд бол зүгээр нэг улирлын үзэгдэл бус, хил хязгаар үл мэдэх байгаль хамгааллын том сүлжээний амьд хэсэг юм гэж Хомын талын байгалийн цогцолборт газраас мэдээллээ.
Хомын талын байгалийн цогцолборт газар нь 2025 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн бөгөөд ус намгархаг газар, голын хөндий, элсэн манхан, хээрийн экосистемийн хослол нь тус нутгийн биологийн олон янз байдлын үнэ цэнийг улам тодотгож байна.

#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар - The Nature Conservancy in Mongolia (TNC)
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation