Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. “Завхан-2026” спортын II их наадмын тэргүүн болон дэд байр эзэлсэн Тосонцэнгэл, Улиастай сумын баг тамирчид шагналын авто машинаа орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудад хандивлалаа.
Тодруулбал, наадмын нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн Тосонцэнгэл сумын баг тамирчид шагналд хүртсэн Toyota Alphard авто машинаа сумынхаа Нэгдсэн эмнэлэгт гардуулан өгчээ. Уг автомашиныг эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх, тэр дундаа тусгай хэрэгцээт иргэдэд үйлчлэх зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Харин хоёрдугаар байр эзэлсэн Улиастай сумын баг тамирчид шагналын автомашинаа аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, хотын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд хувь нэмэр оруулсан байна.
Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон Улаанбаатар хотод зохион байгуулдаг спортын их наадам аравдугаар сард болсон бөгөөд долоон төрөлд 2000 гаруй баг тамирчин оролцсоноороо онцлог байв.
Энэ удаагийн наадам нь зөвхөн спортын амжилтыг сорихоос гадна Завхан нутгийн эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сум орон нутгийн хөгжил, нийгмийн асуудалд анхаарах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан юм.
Баг тамирчид спортын талбарт гаргасан амжилтынхаа шагналыг орон нутгийнхаа эрүүл мэндийн салбарт зориулсан нь нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөөх хамтын ажиллагааны бодит жишээ болсон талаар Завхан аймгийн Нутгийн зөвлөлөөс мэдээллээ.

Улиастай сумын ИТХ-ын дарга Б.Дагвасамбуу, Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Наранбат нар
аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Э.Түдэвт авто машиныг гардуулан өглөө

Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар сумынхаа нэгдсэн эмнэлэгт авто машиныг гардуулан өглөө.