Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Улиастай, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 150 орчим үсчин, гоо сайханчийн 80 орчим хувь нь Улиастай суманд, 20 орчим нь Тосонцэнгэл суманд ажиллаж байгаа бол бусад суманд үсчний хүрэлцээ хангалтгүй байна. Үүний улмаас хөдөөгийн 23 сумын иргэд үсчин, гоо сайхны үйлчилгээ авахад хүндрэлтэй байгааг аймгийн Үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн Ч.Наранбат мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор Улиастай суманд ажилладаг үсчид зарим суманд явуулын үйлчилгээ үзүүлдэг байна. Харин Дөрвөлжин сум орон нутгийнхаа үсчний хэрэгцээг хангах зорилгоор аймгийн Политехник коллежтой хамтран сумандаа сургалт зохион байгуулжээ.
Тус сумын цорын ганц үсчин өнгөрсөн онд аймаг руу шилжин суурьшсанаар иргэд үсчний үйлчилгээ авахад хүндрэл үүссэн байна. Иймээс сумын Засаг дарга Г.Цогзолмаа аймгийн Политехник коллежтой бүтэн жилийн турш хамтран ажиллаж, үсчин бэлтгэх сургалтыг орон нутагтаа зохион байгуулах санаачилга гаргажээ.
Дөрвөлжин сумын Засаг дарга Г.Цогзолмаа хэлэхдээ, “Аймагт очиж суралцахад амьдрал ахуйгаа зохицуулах, хүүхдээ харах, сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдэх гээд олон бэрхшээл гардаг. Харин сургалтыг сумандаа зохион байгуулснаар суралцагчид идэвхтэй хамрагдаж байна. Одоо бид нэг үсчин шилжлээ гэхэд үйлчилгээ тасалдах вий гэж санаа зовохгүй. Цаана нь есөн үсчин үлдэнэ” гэв.
Сургалтыг орон нутагт зохион байгуулснаар иргэд мэргэжил эзэмшихийн тулд аймагт удаан хугацаагаар амьдрах, байр, унааны зардал гаргах шаардлагагүй болж байгаа юм. Мөн суралцагчид эзэмшсэн мэргэжлээрээ сумандаа ажиллаж, хувиараа хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой болох боломж бүрдэж байна.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг иргэдийн хэрэгцээ, хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн уян хатан хэлбэрээр зохион байгуулах нь орон нутгийн хүний нөөцийн хомсдлыг бууруулах нэг шийдэл юм.
Дөрвөлжин сумын энэхүү санаачилга нь зөвхөн үсчний үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бус, орон нутгийн иргэдийг мэргэжилтэй, орлоготой болгох, сумынхаа хүний нөөцийг өөрсдөө бэлтгэх боломжийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.

Дөрвөлжин суманд үсчин бэлтгэх сургалтын явцаас