Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Статистикийн хэлтсээс ахлах ангийн сурагчдад статистикийн мэдээллийг хайх, боловсруулах, зөв ашиглах мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
Монгол Улсад статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 102 жилийн ойд зориулсан “Статистикийг олъё-ойлгоё-ашиглая” сарын аяны хүрээнд тус хэлтсийн ажилтнууд “Статистикийн боловсрол” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.
Энэ удаагийн сургалтад МУИС-ын харьяа Завхан аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль болон Улиастай сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагджээ.
Сургалтаар статистик мэдээллийн тухай үндсэн ойлголт, нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, тоон мэдээллийг зөв ашиглах аргачлалыг танилцуулж, Үндэсний статистикийн хорооны Статистикийн мэдээллийн нэгдсэн сан болох www.1212.mn сайтаас шаардлагатай мэдээлэл хайх, хүснэгт, график, үзүүлэлтийг уншиж тайлбарлах дадлага хийлгэсэн байна.
Түүнчлэн статистикийн мэдээллийг хиймэл оюуны тусламжтайгаар хайж авах боломжтой МонСтат (MonStat) чатботыг танилцуулжээ. Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчийн асуултыг энгийн хэлээр хүлээн авч, албан ёсны статистикийн мэдээллийн сангаас холбогдох үзүүлэлтийг хайж, мэдээлэл авахад дэмжлэг үзүүлдэг.
Тухайлбал, хүн амын тоо, насны бүтэц, хөдөлмөр эрхлэлт, өрхийн болон эдийн засгийн үзүүлэлтийн талаар асуулт тавьж, шаардлагатай мэдээлэлтэй танилцах боломжтой юм.
Өгөгдөл, мэдээллийн хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед статистикийн мэдээллийг зөв ойлгох, эх сурвалжийг нягтлах, баримтад тулгуурлан дүгнэлт хийх чадвар чухал болж байна. Иймд тус хэлтсээс цаашид бусад ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчдад чиглэсэн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Статистикийн хэлтсээс мэдээллээ.

www.1212.mn сайтаас шаардлагатай мэдээлэл хайх, хүснэгт, график,
үзүүлэлтийг уншиж тайлбарлах дадлага хийлгэжээ
