Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сурагчдын “Их нүүдэл” шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл орохоор болов. Дээрх шатруудыг ЕБС-иудад хуваарилснаар хичээл албан ёсоор эхлэх юм. Тус хөтөлбөр нь ЕБС-ийн сурагчдын шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх, асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах зэрэг чухал чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хиймэл оюун ухааны эрин үед хүүхдэд оюуны чадамжаас илүүтэй сэтгэлийн хөдлөлөө жолоодох чадвар чухалчилдаг болсон. Шатар нь бусдыг ойлгох, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар тунгаан бодох чадварыг олгодог. Тиймээс сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан нь суралцахуйд суралцсан”, төлөвшсөн монгол иргэнийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хүүхэд шатар тоглох явцдаа хаана, хэрхэн алдсанаа болон ямар шийдвэр гаргавал өөр үр дүнд хүрэх байснаа шууд ухаарч, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж сурдаг. Энэ нь тэвчээр, хариуцлагатай байдал, өөрийгөө хөгжүүлэн засах хамгийн том чадварыг эзэмшүүлдэг” хэмээн ярилаа.

Харин Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар ярихдаа, “Хиймэл оюун хүүхдийн өмнөөс бодох ёсгүй. Хиймэл оюун бидний амьдралын нэг хэсэг болж байна. Харин хүүхдүүд өөрсдөө бодож, асуулт асууж, асуудлыг шийдэж, зөв шийдвэр гаргах чадвартай өсөх нь бүр ч чухал. Үүнд шатар тусална. Шатар хүүхдийг хэдэн алхмын цаадхыг харж, сонголтоо тооцоолж, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг ойлгож сурахад тусалдаг. Тиймээс шатрыг зөвхөн дугуйлан, секцэд явдаг цөөн хүүхдийн хичээл байлгахгүй. Технологи хөгжих тусам хүүхдүүдээ өөрсдөөр нь бодуулъя. Багш нар бэлэн. Шатар бэлэн” гэв.
Өнөөдрийн уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, шатрын сургалтад хамрагдсан багш нар болон эцэг эхийн 700 орчим төлөөлөл оролцож байна. Олон хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэлээр монгол хүүхэд бүрийн оюунд хөрөнгө оруулах “Оюуны их нүүдэл” ийнхүү эхэллээ.








