М.Энхболд: Хандивын хэмжээгээр нэр дэвшүүлдэг практик манай намд байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭӨнгөрсөн бямба гарагт хуралдсан МАН-ын III бага хурлын үр дүнгийн талаар МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийв.
МАН-ын дарга М.Энхболд хэвлэлийн хурлын эхэнд тус бага хурлаар улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, намын дотоод зохион байгуулалт, санхүүжилт, орон нутгийн болон УИХ-ын сонгуульд гишүүдийг хэрхэн нэр дэвшүүлэх вэ гэх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн хэмээн тодотголоо. Мэдээллийн дараа сэтгүүлчид МАН-ын дарга М.Энхболдоос сонирхсон асуудалдаа хариулт авсан юм.
-Өмнөх жилүүдэд улстөрийн намууд хандив өгснөөр нь нэр дэвшигчдийг тодруулж ирсэн. Нэр дэвшигчдийг хэрхэн сонгох вэ?
-Хандивын хэмжээгээр нэр дэвшүүлээд байсан практик манай намд байхгүй. Сонгууль дөхөхөөр хамгийн гарах магадлалтай хүн хэн байх вэ гэдэг дээр төвлөрч ажилладаг. Намын анхан шатны байгууллага, орон нутгийн иргэдийн санал бодол ямар байна вэ гэдгийг суурь болгож авч үзнэ. Дээрх байдлыг аймаг, нийслэлийн намын хороод дээр нэгтгэж, УИХ-д нэр дэвшигчдийг Удирдах зөвлөл, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг аймаг, нийслэлийн намын хороон дээр ярьж эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, сонгогдох магадлалаас шалтгаалж нэр дэвшигчийг тодруулна.
-МАН-ын санхүүжилт шилэн байж чадах уу?
-Намын санхүүгийн хувьд УИХ-д байгаа суудлынхаа хэмжээгээр улсын төсвөөс тодорхой дэмжлэг авдаг. Ер нь МАН-ын санхүү тодорхой байдаг. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хууль, санхүүгийн холбогдолтой хуулийн хүрээнд гарах ёстой бүх мэдээллийг гаргадаг.
-Энэ долоо хоногт МАН чуулган, байнгын хороодын хуралдаанд оролцох уу. Ардын нам төрийн ажлыг гацаадаг хэмээн ярих боллоо?
-МАН дангаараа завсарлага аваад гацаасан зүйл байхгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр намын бүлэг завсарлага авсан. МАН-ын хувьд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа.
-Өмнөх жилүүдэд бэлэн мөнгө тараасан шийдвэр хэр оновчтой байсан гэж үзэж байна вэ. Намууд сонгуулиар бэлэн мөнгө амалж, тараасан нь буруу гэж иргэд шүүмжилж байгаа?
-Төр, улс бол иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгааг судалж, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх ёстой. Иргэн бүрт бэлэн мөнгө олгосон шийдвэрийг МАН дангаар эрх барьж байхдаа шийдвэрлэсэн зүйл биш. Тухайн үед өгөгдсөн мөнгө амьдралд нь ямар дэм болж байсныг иргэд хэлдэг. Өмнө нь олгогдож байсан мөнгөнүүд эдийн засаг, бизнесийн салбарыг дэмжсэн. Зээл тавьж иргэдэд мөнгө олгохдоо ч тооцоо судалгааг нь бүгдийг хийж төлөвлөсөн байсан.
-МАН УИХ-д жагсаалтаар сонгогддог асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ хэлэлцээд эхэлсэн асуудлаа тодорхой шалтгаангүйгээр зогсоож болохгүй. Тэр тусмаа тухайн асуудлын хэлэлцэх хугацаа нь дуусгавар болох гэж байгаа үед УИХ-ын дарга гэдэг хүн мэдээд, асуудлыг хаагаад байж болохгүй. Бид асуудлыг өмнө нь түүчээлж явахгүй бол эрх баригчид хөдлөхгүй байна. Монголын 22 улстөрийн хүчнээс ганцхан нам л сонгогчдын саналыг гараар тоолохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулья гэсэн.
-Угшил нэгтэй хоёр нам нэгдэх тухай асуудалд ямар тайлбар хийх вэ?
-Ахмад гишүүд болон намын гишүүн 9 залуу МАХН-тай нийлэх асуудлыг гаргаж тавьсан. Энэ асуудалд тооцоотой судалгаатай, үндэслэл сайтай хандах ёстой. Юу, юугүй нийлэх ёстой гэж болохгүй. Удирдах зөвлөл аль алиныг нь ярилцсан. Хоёр намын удирдлагууд сүүлийн үед ярилцаж, санал солилцож байгаа. Сонгууль дөхөж байгаа учраас намын анхан дунд шатны гишүүд МАХН-ын гишүүдтэйгээ ярьж, ойлголцож байгаарай гэдэг үүрэг даалгавар өгсөн.
-Бага хурлын гишүүд хоёр нам нэгдэх тухайд ямар байр суурьтай байсан бол?
-Хоёр нам нийлэх асуудлыг хэлэх боломжгүй. М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын ч шийдчих асуудал биш.
Б.Туул