Oлон улсын гэрээний тухай хуулийг шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд тодорхой нэмэлт оруулсан байдаг. Энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг.
Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, УИХ-аар хоёр удаа хэлэлцдэг, гарын үсэг зурах шаардлагагүй, эсвэл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг УИХ-аас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүй учраас гэрээнүүд хэвлэн нийтлэгдэггүй, ингэснээр шүүх хэрэглэх бололцоогүй болдог, олон нийт гэрээний талаар төдийлөн ойлголтгүй байдаг зэрэг олон хүндрэл амьдрал дээр гарч байгаа аж. Иймээс нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулга авсан ба олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Б.Туул