МАН нэр төрөө сэргээлгэнэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн баасан гаригт батлагдсан Сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Сонгуулийн хуулийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн бүх намуудын санал бодол, шаардлага, тэмцлийн үр дүнд харилцан зөвшилцөж хуулийн хугацаанд баталсныг мэдээллийн эхэнд онцлов. Мөн “МАН болон парламентад суудалгүй улс төрийн намууд сонгуулийн автомат машины хяналтын тооллогыг 100 хувь хийе гэдэг зарчмын байр суурь дээр нэгдэж, шаардлага тавьсан. Үүний үр дүнд хар машины 50 хүртэл хувьд нь техникийн тооллого хийхээр хуульчлагдлаа” гээд Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтүүдийг танилцуулав.
Тухайлбал Сонгуулийн тогтолцоог бүсчлэх саналыг эрх баригч нам оруулж ирсэнийг УИХ-д суудалгүй улс төрийн бусад намуудын саналыг харгалзан хуучнаар нь явуулахаар оруулсан, СЕХ-г татан буулгаж "Улс төрийн зөвлөл" гэгчийг байгуулах гэж байсныг хасуулсан, саналын хуудсанд нам, эвслийг УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгалгүй УДШ-д бүртгүүлсэн дарааллаар нь бичихээр болсон, эмэгтэйчүүдийн квот 20 байсныг 30 болгосон, орон нутгийн сонгуулийн намын листийг үгүй болгож, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болсон, Сонгуулийн сурталчилгааны хугацааг 14 хоног байсныг 18 болгож нэмэгдүүлсэн гэлээ.
Мөн энэ үеэр ипотекийн найман хувийн зээлийг МАН зогсоолоо гэх ташаа мэдээлэлд залруулга хийсэн юм. Энэхүү ташаа мэдээллийг анх олон нийтэд тараасан АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр уучлал гуйгаагүй учраас МАН нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан гэдгээ хэллээ.
Н.Туяа