Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар олонхийн саналаар Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон Су.Батболд, С.Баярцогт нар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулах тухай горимын санал гаргасан юм. Гишүүд “УИХ норм биелүүлэх гэж байгаа мэт хэт яарч Улс төрийн намуудын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай хууль зэрэг маш чухал хуулиудыг ийм шахуу цаг хугацаанд шахаж оруулж ирж болохгүй. Ул суурьтай хандах хэрэгтэй. Бүр болохгүй бол дараагийн парламент ч шийдэж болно” гэсэн байр суурь хэлж байв. Гэсэн ч хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Тиймээс Ерөнхийлөгчөөс энэ сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг байнгын хороо эхлүүлсэн юм.
Гишүүдийн хувьд уг хуулийг шинэчлэх нь зөв гэсэнд санал нэгдэж байсан бөгөөд олон санал дэвшүүлж байв. Тухайлбал “Намд элсээд хувийн асуудлаа шийддэг байдлыг үгүй болгох хэрэгтэй. Намын шалгуур өндөр байх хэрэгтэй”, “Нам, төрийн холилдсон байдлыг засах хэрэгтэй. Аль ч намд намын дотоод ардчилал чухал”, “Нам гэдэг ойлголтыг зөв болгох, намд орох шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй. Гэр болон биеэ зассан хүмүүсийг намд оруулах нь зөв”, “Улс төр, төрийн алба, бизнес гурвыг ялгаж өгөх нь чухал”, “Улс төрийн санхүүжилтийн тооцоо, судалгааг зөв хийх хэрэгтэй. Улсын төсвөөс өгдөг мөнгийг бууруулснаар асуудал шийдэгдэхгүй”, “Нам төрийн албан хаагчийг бэлддэг байгууллага байх ёсгүй”, “Улс төрийн нам ямар чиг үүрэгтэй болохыг хүн бүр мэддэг бхаар боловсруулж, төр ард түмнийг холбодог байгууллага болох хэрэгтэй” гэх мэт санал гишүүдээс гарч байв.
Харин ажлын хэсгийн зүгээс уг хуулийн төсөлд тусгасан заалтуудаас тайлбарлахдаа “Төр, намын харилцааг тодорхой тусгасан. Төр намын үйл ажиллагаанд, нам төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх боломжийг хангасан. Улс төрийн намууд улсын төсвөөс 2,3 тэрбум төгрөг авсан бдаг. Шинэ хуулиар 1,2 тэрбум болж буурч байгаа. Намуудын дэргэд бодлого судалгааны хүрээлэнтэй байхаар хуулийн төсөлд тусгасан” гэх мэтээр танилцуулж байлаа.
Ингээд асуулт хариулт дууссаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив.
Үүний дараа Хяналтын тухай хуулийг одоо хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна. Харин дараа нь хэлэлцэх байсан Төрийн албаны тухай хуулийн төсөлд эргэж харах зүйл байгаа гэсэн үндэслэлээр ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Н.Гантуяа