Суманд намын салбар байгуулахгүй байх нь Үндсэн хууль зөрчихгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-19 13:37:10

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв.

Уг хуулийн төсөлд намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож олон сонголттой гишүүнчлэлтэй байх, гишүүдийг компаничилж олноор нь элсүүлдгийг болиулж, нэг хүн зөвхөн нэг намд гишүүн байх, татвараа төлдөггүй гишүүдийг намаас хасах /ингэснээр одоогийн гишүүнчлэл 40 хувиар буурна гэж тооцжээ/, 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулахгүй байх, намуудын данс шилэн болох, намын их хурал 90-ээс доошгүй гишүүнтэй байх, намын дэргэдэх байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллаа явуулж болохгүй, нам төрийн шагналтай адил нэртэй шагнал, одонтой байхыг хориглоно гэх зэрэг олон зарчмын өөрчлөлт орж байгааг ажлын хэсгээс танилцуулж байв. Харин гишүүдийн зүгээс уг зүйл заалтуудыг дэмжсэн болон шүүмжилсэн олон санал хэлж байлаа. Тухайлбал 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулж болохгүй гэсэн зохицуулалтыг нэлээд шүүмжлэв. Хэрэв энэ зохицуулалт хэрэгжвэл 100 суманд намын салбар нэгжгүй болох аж. УИХ-ын гишүүн С.Бямбацогт тухайлбал үүнийг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг зөрчсөн зохицуулалт гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагыг сонгох сонгууль явуулах нөхцөл бүрдэнэ гэж байв.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Орон нутагт талцал, намчирхах үзэл хүчтэй байна гэж ярьдаг учраас 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулахыг хориглох заалт туссан. Ингэснээр 160 орчим суманд намын салбар нэгж байж болохоор байгаа. Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хязгаарласан заалт байхгүй. Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдэлж байгаа нь энэ гээд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгааг хуулиар хязгаарлах ёстой гэж үзсэн. Орон нутгийн өөрөө удирдах ёс сонгууль явуулахгүй юм шиг ойлгоод байгаа нь буруу. Орон нутгийн өөрөө удирдах ёс бие даасан байх ёстой” гэж хариулав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гишүүн зөвхөн намын гишүүн гэдгээр нь мэргэжлийн бус хүмүүсийг албан тушаалд томилдог намчирхсан томилгоог байхгүй болгох, Ц.Оюунбаатар улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй гэх зэргээр гишүүд санал хэлж байлаа.

Гишүүдийн асуулт хариулт ийнхүү өрнөсөөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав. Хуралдаан үдээс хойш 14.00 цагт эхэлж, дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Н.Гантуяа

Связанные новости