Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-19 14:15:45

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын хоёр болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн түвшинд  өрнөж буй үйл явц, интеграцид нэгдэн орох явц, хүрээ, гишүүний хувиар гүйцэтгэх үүрэг байнга нэмэгдэж байна. Шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй хуулийн зохицуулалтыг уялдуулах, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдлыг тодотгох, тэдгээрийн ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гарч байна.

Товч мэдээ

·  “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит зургаа дахь тайлан”-г хэлэлцэн дэмжээд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

·  “Гал түймрийн улсын хяналтын дүрэм”-ийг баталлаа. “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2015 онд батлагдсантай холбогдуулан энэ дүрмийг шинэчлэх шаардлага гарсан байна. 

·  Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг хавсралтаар баталлаа. Ингэснээр тээврийн болон соёлын үйл ажиллагаанд бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хүндрэл учрахгүй бөгөөд соёлын биет өвийг аюулгүй зөөж тээвэрлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх үүрэг тодорхой болно гэж үзэж байна.  

·  “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 9-ний 55 дугаар тогтоолын 1.5-д “Хөдөлмөрийн яамны харьяа БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн харьяанд ажиллуулах” гэснийг ”БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийг Хөдөлмөрийн яамны харьяанд ажиллуулах” гэж өөрчиллөө.

·  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Связанные новости