“Тэнгэрийн тэмдэг” театрын хүүхдүүд Хөх хотыг зориод ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-20 16:16:08

Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч 30 гаруй хүүхэд ӨМӨЗО- ны Хөх хотод тоглолт хийгээд ирлээ.

Дундад улсын “Наран хун” сайн үйлсийн аян Монгол Улсын “Нэр төр, эрхэмсэг амьдрал” ТББ- ын өрнүүлж байгаа “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”- тай хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд “Тэнгэрийн тэмдэг” театрын уран бүтээлч хүүхдүүдийг Хөх хотод урьсан байна.

Хүүхдүүд Хөх хотын Үндэсний дуу бүжгийн чуулгын үндэсний хөгжмийн бүлгэм, Хөх хотын хөгжмийн сургуульд тус тус айлчлан, уран бүтээлчидтэй нь хамтарсан тоглолт хийсэн бол бие даасан “Нарны хүүхдүүд” тоглолт нь Хөх хотын Одон телевизээр үзэгчдэд хүрчээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Монголчуудын өв соёл, зан заншлыг ардын язгуур урлагаар дамжуулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилго агуулсан бөгөөд Хөх хотод Монгол Улсаас олон бүтээлчид ирж урлагийн тоглолт үзүүлж байсан ч анх удаа хүүхдүүд өргөн бүрэлдэхүүнтэй ийн ирснийг онцолсон байна.

Хүүхдүүд Хөх хотыг зорих замдаа мөн Эрээн хотод саатан урлагийн тоглолтоо сонирхуулжээ.

Т. Отгонтуяа

Связанные новости