УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-27 12:48:09

УИХ-ын дарга З.Энхболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2016.01.27/ өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэр замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж процессийн хуулиудад холбогдох өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулжээ. 
Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг тусгасан байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд   Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хяналтын журмаар   захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлд заасан журмыг баримтлахтай холбогдсон 91 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахаар тус тус тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

Связанные новости