"Чингис" бондоос Хятадын компаниудад ихээхэн хэмжээний мөнгө өгсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-27 16:48:46

"Чингис" бонд болон бусад зээлийн мөнгийг БНХАУ-ын болон гадаадын, бүртгэлгүй байж мэдэх аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлж өгсөн талаар иргэн Г.Өнөрбаяр, Д.Хосбаяр нар өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийв. 

"Чингис" бондын нийт санхүүжилтын 50 орчим хувь буюу 1.5 орчим их наяд төгрөгийг зам гүүр, "Гудамж" төсөл гэх мэт дэд бүтцийн эргэн төлөгдөхгүй төслүүдэд зарцуулсан. Энэхүү замын ажлын нэлээдийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэн гэж дээрх иргэд хэлж байв. Энэ талаар Г.Өнөрбаяр "Бусад улс орнууд зээлийн мөнгөө үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөх бодлого баримталдаг. Ингэснээр Үндэсний аж ахуйн нэгжүүд томорч, ажлын байр бий болж, татварын зөв тогтолцоо бүрддэг. Гэтэл монголчууд зээлсэн мөнгөнийхээ ихэнх хэсгийг  БНХАУ, Туркийн компаниудад өгч байна. Бас манай улсад бүртгэлгүй байж болох аж ахуйн нэгжүүдэд ч өгсөн байх магадлалтай. Эдгээрийг холбогдох байгууллага шалгаж нягтлах байх. Хамгийн гол нь БНХАУ-ын компаниудаар зам бариулахдаа тендер зарласан эсэх нь эргэлзээтэй. Энэ чиглэлийн мэдээлэл олдохгүй хаагдмал байгаа. УИХ-аас гарсан "Чингис", "Самурай" бондын болон Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтэд Хөгжлийн банк сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ хийдэг гэсэн дүгнэлт гарсан" гэлээ.

Мөн "Чингис" бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөгийг Хятадын компаниудаар ажил гүйцэтгүүлэхээр өгсөн гээд энэ нь "Самурай" бондын мөнгөн дүнтэй дүйцнэ гэлээ. Энэ асуудлыг ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагууд анхааралдаа авахыг хүсэв.

Н.Туяа

 

Связанные новости