Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-28 16:28:25

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг "Морин цаг" өнөөдрийн мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Я.Содбаатар нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөхийг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар зохицуулдаг. Эрх  баригчид энэ хуулийг болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудын холбогдох олон заалтыг зөрчиж, хүч түрэмгийлэн асуудлыг шийдэж байгаа нь цэцийг гартаа авах гэсэн бусармаг үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байна. Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж байна" гэсэн юм. Түүнчлэн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын дарга хурал удирдах нь сонирхлын зөрчил үүснэ. Эдгээр олон ноцтой асуудлаас болж МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан хэмээн Я.Содбаатар гишүүн ярьлаа.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, "Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач гэдэг утгаараа УИХ-аас өндөр эрх хэмжээтэй байгууллага. Цэц, УИХ хоёрын эрх хэмжээ өөр, өөр хуулиар зохицуулагддаг. Гэтэл сүүлийн үед УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандаж буй хандлага  нь Үндсэн хуулиа илт зөрчсөн, агуулгаас  нь гажсан байдалтай болж байна. Ингэж Үндсэн хуулийн асуудалд хүртэл хүч түрсэн байдлаар хандаж хэрхэвч болохгүй" гэв. 

Б.Туул

Связанные новости