Ерөнхий сайдыг огцруулахыг байнгын хороо дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-28 19:17:43

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 52.6 хувь нь огцруулахаас татгалзлаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 16.00 цагаас эхлэн хуралдаж Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, гишүүд багагүй маргалдав. Огцруулах үндэслэлийн тухайд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Эрдэнэтийн уурхайг анх ашиглах гэрээг 1973 онд байгуулахад ААН-ийн орлогын албан татвар, нөөц ашигласны төлбөр, онцгой албан татвар гээд дийлэнх татвараас чөлөөлсөн байсан. Тэр үед Эрдэнэтийн гэрээнд ингэж улс төржсөн бол төсвийн гол бүрдүүлэгч Эрдэнэт өнөөдөр байхгүй байх байсан. Мега төслүүд бол улс төржилтийн бай болох учиргүй. Эрдэнэтийн гэрээг 18 жилийн дараа өөрчилж байсан. Олон улсын зах зээлд 2009 оны хямрал дахин нүүрлэж, улс орнуудын эдийн засаг хямарч том ордуудаа зарах хүртэл байдал үүсч байна. Ийм үед Монгол Улс руу дэлхийн банк санхүүгийн 14 том компани анхаарлаа хандуулж Оюутолгойн төслийн гэрээнд зээл олгож байгаа нь маш том боломж давуу тал, дэвшил байхад Засгийн газрыг огцруулах шалтгаан болж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Дэлхийн хэмжээний энэ том Мега төслөөр улс төрждөг байдал миний толгойлж байгаа Засгийн газраас дуусгавар болоосой гэж хүсч байна" гэв.

Мөн Н.Алтанхуяг гишүүн "Хууль зөрчсөн үйлдэл байвал буруутай нь хариуцлагаа хүлээ, хэрэв буруугүй бол үүнийгээ нотол. Харин үүгээр улс төржиж Засгаар оролдохоо боль. Гишүүд гарын үсгээ татаж ав. МАН гурван жилийн хугацаанд гурван удаа Засгийн газраар оролдлоо. Сонгууль болох гэж байхад одоо үүнийгээ болих хэрэгтэй" гэв.

Харин УИХ-ын гишүүн О.Содбилэг "Оюутолгойг Эрдэнэттэй зүйрлэх нь зохимжгүй. Эрдэнэтийн гэрээг өөрчлөх тусам Монголд ашигтай болж байсан. Харин Оюутолгойн гэрээг Дубайд шинэчлэхэд Ерөнхий сайд сайжруулаагүй" гэв. О.Баасанхүү гишүүн мөн "Оюутолгойн төлөх байсан 130 сая ам.долларын татварын авлагын 100 сая ам.долларыг хүчингүй болгосон. Татварын авлагыг нэг бол шүүхийн шийдвэрээр, нэг бол татварын байцаагч өөрөө хүчингүй болгодог. Өөр хэн ч хүчингүй болгож болохгүй. Энэ их мөнгөөр хүүхдийн мөнгөө ч өгч болох байсан. Ийм хариуцлагагүй зүйл хийсэн Ерөнхий сайд огцрох ёстой" гэсэн бол Г.Уянга гишүүн “Бид Оюутолгойн төслийг явуулна явуулахгүй гэж яриагүй. Харин Оюутолгойн төслөөс Монголын хүртэх ашиг буурч, хугацаа хойшилсонд Ерөнхий сайдыг хариуцлага хүлээх ёстой гэж байна. Энд хэдэн тэрбум, их наядаар хэмжигдэх мөнгөний тухай ярьж байна. Бүх тоо баримттай байгаа. Энэ бол улс төржилт биш. Ч.Сайханбилэг бол Монгол Улсын Засгийн газрын биш Рио Тинто-гийн Ерөнхий сайд шиг ажиллаж байна. Үүнийг бид заавал ярих ёстой” гэв.

МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс мөн Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй байгаа нь Ерөнхий сайдын хариуцлагагүйг харуулж байна гэж шүүмжилж байв. Ерөнхий сайд үүнд "Засгийн газрын асуудлыг шийдсэний дараа Эрүүл мэнд, спортын сайдыг томилно" гэж хариулав.

Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүн "Сү.Батболдын Засгийн газрын үед Монголд хоёр тэрбум ам.долларын ашигтай өөрчлөлтийг Оюутолгойн гэрээнд оруулж байсан. Гэтэл Ч.Сайханбилэг сайжруулах биш бүр муутгалаа" гэхэд Ерөнхий сайд "Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээгээр Монголд 6 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бол улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэнэ. Нэмээд 1.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ. Монгол 53 хувийн ашгаа хүртэнэ. Энэ төсөл ашгаа өгнө гэж олон компани, ААН-үүд хүлээлгээд сууж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад нийлүүлэгчээр ажиллах Монгол компаниудыг шалгаруулах том чуулган болох гэж байна. 2000 ажлын байр нэмэгдэнэ. Үүний ард 8000 хүн бий. Хүннү эйр, Аэромонголиа зэрэг үндэсний компаниуд Ханбогд руу нислэгээ эхлүүлэхээр хүлээж байна. Мега төслүүд ингэж ажилладаг, үр өгөөжөө өгдөг. Эдийн засаг ингэж сэргэдэг. Гишүүд 1.4 тэрбум ам.долларын тухай л яриад байна. Энэ мөнгөний 1/5-ийг НӨАТ хэлбэрээр аваад цалин тэтгэврээ тавьсан. Үлдсэн мөнгийг нь нэгийг ч үлдээлгүй яаж зарлагадсаныг чуулганд дэлгэрэнгүй танилцуулсан. Гишүүд мэдсээр байж хоосон улс төржилт хийгээд байна. Сая Дубайд болсон уулзалтаар гэрээнд өөрчлөлт оруулах боломж байгаагүй. Энэ гэрээг сайжруулах боломж гэхдээ бидэнд гарч ирнэ. Тийм учраас энэ төслийг эхлүүлэх хэрэгтэй, явуулж байж үр ашгийг нь, алдаа оноог нь харах хэрэгтэй” гэв.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 буюу 52.6 хувь нь Ерөнхий сайдыг огцруулахаас татгалзаж, 9 буюу 47.4 хувь нь дэмжив. 

Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд байнгын хороогоор хэлэлцэх байсан бусад асуудлыг хойшлуулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах санал гарган дэмжигдэв.

Одоо уг асуудлаар УИХ-ын чуулган хуралдах гэж байна. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости