Говьсүмбэр аймгийн тойргийг Дундговь аймагтай нэгтгэнэ гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-29 16:49:25

Намууд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй, маргаан дагуулж байгаа УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хэлэлцэж байна.

АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар орон нутгийн 4 мандатыг хасч, нийслэлийн мандат дээр нэмэх, ингэхийн тулд зарим аймгийн тойргийг нэгтгэх байр суурьт нэгдэж, энэ саналаа байнгын хороонд оруулж ирж байгаа аж. Тухайлбал Говьсүмбэр аймгийн тойргийг Дундговь аймагтай нэгтгэж, дунд нь нэг мандат өгөх зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Харин МАН-ын зүгээс орон нутгийн мандатыг бууруулахыг эсэргүүцэж, 2012 оны сонгууль явуулж байсан жишгээ хадгалах ёстой гэсэн байр суурьтай байгаа.  
Гишүүдийн зүгээс хүн ам эрс өссөн нийслэлийн мандатыг зайлшгүй нэмэх, тойргийн мандатын асуудлыг нухацтай, олон улсын судалгаанд үндэслэн авч үзэх, орон нутгийн мандатыг судалгаагүй бууруулах нь орон нутгийн иргэд, нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлөх учир хариуцлагатай шийдвэр гаргах, зөвхөн хүн амын дунджаар бус газар нутгийг харгалзан харьцуулж тоог тогтоох зэрэг эсрэг тэсрэг байр суурь хэлж байв. Мөн Х.Тэмүүжин гишүүн СЕХ хоёр өөр агуулгатай тогтоолын төсөл оруулж ирснийг шүүмжлээд аль нэг нь хүчин төгөлдөр байх ёстой тул түүнийгээ танилцуул гэсэн шаардлага тавьж байв. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн “СЕХ улс төрийн захиалгаар өөрчилж ирүүлсэн. Эхлээд өөрсдийн жинхэнэ саналаа гаргасан. Намын дарга нараасаа даалгавар авч өөрчилсөн” гэж шүүмжиллээ. 
Гишүүдийн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өгч буй тайлбартаа “СЕХ хуулиа барьж ажиллаж байгаа. Зарим аймгийн мандатын тоо хасагдаж, зарим дүүргийнх нэмэгдсэн нь нэг л шалтгаантай. Мандатын тоог тогтоохдоо аймаг, нийслэлийн хүн амын дунджийг ялгавартайгаар авч үзнэ гэсэн заалт Сонгуулийн шинэ хуулиар байхгүй болсон. Хуучин нийслэлийн дундаж 87.000, орон нутгийн 46.800 хүн амаар тогтоож мандат хуваарилж байсан. Одоо энэ заалт байхгүй. 
Тиймээс мандат хуваарилахдаа сонгуулийн тогтолцоо, хүн амын тоо, засаг захиргааны нэгжийн газарзүйн байршил гэсэн 3 үзүүлэлтийг харгалзах ёстой. Үүнээс гадна Монгол Улсын хүн ам 2016 оны нэгдүгээр 18-ны өдрийн байдлаар 3.061.599 хүрсэн мэдээллийг УБСЕГ-аас ирүүлсэн. Тиймээс тойрогт мандат хуваарилахдаа хүн амын 2015 оны жилийн эцсийн дүнг харгалзаж, 63.000 хүн тутамд 1 мандат ногдохоор тогтоосон. 2008 онтой харьцуулахад нийслэлийн хүн ам 500.000-аар өссөн байгаа. Дээрх үзүүлэлтийн дагуу авч үзэхээр орон нутагт нийт 26, нийслэлд 22 мандат ногдож байгаа юм. Харин Монгол Улсын засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт ороогүй тул тойргийг өмнөх байдлаар нь тогтоож байгаа” гэв. Тэрбээр мөн цаашид хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан үзэхдээ тодорхой хязгаар тавихгүй бол зарим аймаг мандатгүй ч болж мэднэ гэдгийг анхааруулж байв.
Үүнээс гадна С.Баярцогт гишүүн хүн амын өсөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх талаар судалгаа явуулаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөв. Тэрбээр “1992 онд манай улсын нийт хүн ам 2 сая гаруй байсан. Түүнээс хойш хүн ам 30 хувиар өссөн. Улаанбаатарын өсөлт бүр их. 1992 онд Монгол Улсыг 76 тойрогт хувааж байхад нэг тойрогт ногдох хүн амын тоо дунджаар 28.000 болж байсан” гэж тайлбарласан юм. 
Харин үүнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хариулахдаа “Манайх шиг 3 сая орчим хүн амтай улс орнуудыг харахад, парламент нь 100 орчим гишүүнтэй байдаг юм билээ” гэв. 

Хуралдаан үргэлжилж байна. 

Н.Гантуяа

Связанные новости