Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүлэв.
Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль нь 1993 онд батлагдсан бөгөөд 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү хуулийн төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллыг шинээр тодорхойлж, төр засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар шинээр тодорхойлсон байна.
Мөн Монгол Улсын цэргийн байгуулал, түүний бүтэц бүрэлдэхүүний талаар шинэ бүлэг нэмж, батлан хамгаалах асуудлаарх эрх бүхий субьектүүдийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлж, зохион байгуулах болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, төрийн болон орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн чиг үүрэг, үйл ажиллагааг илүү тодорхой болгох зорилгоор эрх зүйн зохицуулалтыг шинэчилж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар батлан хамгаалах тогтолцоо шинээр төлөвшиж түүнийг улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүй, цэргийн чиглэлээр хэрэгжүүлэх арга зам тодорхойлогдон, Монгол Улсын өөрийгөө батлан хамгаалах чадавх хуулийн зорилтын хүрээнд нэмэгдэнэ гэж үзжээ.
Мөн өдөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг шинээр тусгаж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийг тодорхой заасан, хугацаат болон цэргийн гэрээт алба, цэргийн дүйцүүлэх албатай холбогдох харилцааг нарийвчлан тогтоосон ба нэн шаардлагатай нарийн мэргэжил бүхий хүмүүсийг цэргийн гэрээт албанд элсүүлэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж, цэргийн сургуулийн сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох, “Оюутан цэрэг”-тэй холбоотой эрх зүйн үндэслэлийг бий болгосон зэрэг нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төсөл нь цэргийн жинхэнэ алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, эрхийн хязгаарлалттай холбогдох харилцааг зохицуулахад чиглэсэн ба 6 бүлэг 12 зүйл бүхий бие даасан хууль байхаар боловсруулсан бөгөөд зарчмын шинжтэй шинэлэг зохицуулалтуудыг тусгасан байна.
Үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангана” гэж заасанд нийцүүлэн Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчлэх шаардлага гарчээ.
Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, түүнийг хэрэглэх онол арга зүйд гарч буй сүүлийн үеийн өөрчлөлт, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгох чиглэлээр Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн тулд хуулийн төслийг боловсруулсан байна. Зэвсэгт хүчний удирдлагыг улс төрийн дээд удирдлага, төрийн захиргааны удирдлага, цэргийн мэргэжлийн дээд удирдлага гэж ангилан, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон хуулийн давхардал, хийдэлгүй болгохоор тусгажээ.
Түүнчлэн батлан хамгаалах салбарын багц хуулиудын хоорондын уялдаа холбоо, эрх зүйн зохицуулалтын нийцлийг хангахаар 4 бүлэг, 20 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн чиг үүрэг баталгаажиж, зэвсэгт хүчний талаарх удирдлагын болон цэргийн удирдлагын дээд байгууллага, хуулийн үйлчлэл, эрх зүйн харилцаа боловсронгуй болох аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.