Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-12 18:05:36

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг өргөн мэдүүлэв. 

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх  үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсруулжээ. Хуулийн төсөлд  эрүүгийн  хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна. Түүнчлэн цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг олон зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн төслийг боловсруулахадаа 32 байгууллагаас ирүүлсэн 612 саналыг судалж, тусгасан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. 


Мөн Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг баталж, ялын төрлийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах гэж шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгасныг харгалзан эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг тухайн ялын онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг шинээр хуульчлахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. 
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулсан байна. Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. 

Мөн Хууль сахиулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр өргөн мэдүүллээ. 
Манай улсад хууль сахиулах  буюу нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгатын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Цагдаагийн болон Тахарын албаны тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг. 
Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, хууль сахиулах ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахад хүргэдэг байна. Иймд дээрх шаардлагыг харгалзан хууль сахиулах ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай,  тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн гэрээний  суурь зарчимд нийцүүлэн Хууль сахиулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав. 
Хуулийн төсөл нь 13 бүлэгтэй бөгөөд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг шинээр тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар бус салбарын хуулиар зохицуулагдаж байсан тагнуулын болон онцгой байдлын асуудал эрхлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг нэмж тусгасан байна. Түүнчлэн зөрчил шалгах ажиллагааны журмыг нарийвчлан  тогтоож, энэ явцад хүний эрхийг хууль бусаар хязгаарладаг байдлыг хориглох зохицуулалтыг тусгажээ. Мөн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах процессыг тодорхой болгон, албадлага хэрэглэх журмыг нарийвчлан тогтоосон байна. 

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн чиглэлээр нэгдэж орсон Монгол Улсын Олон улсын гэрээнд нийцүүлэхийн зэрэгцээ Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  боловсруулагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай тус тус уялдуулан боловсруулжээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Связанные новости