С.Ганбаатар: Шинэ нам гарч ирэхэд бодлогоор унагах, хутган үймүүлэх оролдлого хийдэг
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийн төлөө Ээлжит бус чуулган зарлаж байгааг эсэргүүцэн мэдээлэл хийв.
Тэрбээр Цэцийн асуудлаар улс төржилтийг зогсоож, хуулиа барьж ажиллах, асуудалд нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа аж. Мөн ойрын хугацаанд гурван хуулийн төсөл санаачилж өргөн барихаар төлөвлөөд байгаагаа хэллээ. Эдгээр хуулиуд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүрэн авдаг болох, хайгуулын нэгж талбайд хийх хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хэт доогуур байгааг нэмэх, гадаадын иргэдийг ажиллуулсан ажлын байрны нөхөн төлбөрт туслан гүйцэтгэгчийг хамруулах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн иргэдийн саналыг авдаг болох, тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон бол хүчингүй болгох, ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны талбараар орлуулдаг байдлыг зогсоох, газрын кадастрын бүртгэлийг боловсронгуй болгож, солбицлын давхардал хийдлээс үүсдэг хүнд суртал зөрчлийг арилгах гол зорилготой юм байна.
Мэдээллийн үеэр С.Ганбаатар гишүүнээс сэтгүүлчид Хөдөлмөрийн үндэсний намд /ХҮН/ үүсээд байгаа маргааны талаар тодруулсан юм.
-ХҮН дотооддоо хагаралтай болж, өөрийг тань намын даргаас огцрохыг шаардсан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлбэл?
-ХҮН-ын даргын хувьд хэлэхэд манай нам итгэл үнэмшлээрээ нэгдсэн олон зуун гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг даагаад явж байгаа. Манай намын хувьд дотоод асуудалдаа эв нэгдэлтэй, ил тод байгаа. Зарим нэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг удирдах зөвлөлөөрөө шийдээд явж байгаа.
Аливаа шинэ нам гарч ирж, хүчтэй бүлэглэлүүдэд сөрөг хүчин болох гэхээр бодлогоор унагах, хутган үймүүлэх бүлэглэлүүд байдаг. Янз бүрийн хүмүүсийг намруу оруулаад, элдэв мэдэгдэл хийж гаргадаг практик манай улс төрд байдаг. Ийм оролдлого байхыг үгүйсгэхгүй.
-Нийслэлийн ХҮН-ын дарга албан тушаалаа өгнө гэсэн. Хэрвээ дотоод хагаралгүй юм бол яагаад битүүний өдөр Ерөнхий нарийн бичгийн даргаа сольсон юм бэ?
-Энэ асуудал манай дотоод асуудал учир дүрмийн хүрээнд шийдэгдэнэ. Дүрмээс гадуур ийм юм ярьж байгаа хүмүүс намайг Ерөнхийлөгч болгохгүйн төлөө, энэ намыг хүчтэй байлгахгүйн төлөө бодож санааширч байгаа бүлэглэлүүдийн захиалга гэж үзэж байна.
Н.Гантуяа