Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстнүүд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл хонин жилийн “Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстэн”- үүдийг шалгаруулж, өнөөдөр хүндэт өргөмжлөлийг нь гардууллаа.
Хүүхдийн хөгжил, хамгаалалыг сайжруулж, эрүүл өсч торнин, эсэн мэнд аж төрөхөд чиглэсэн бүтээлч санаачлага гарган хэрэгжүүлж, хүүхдийн авъяасыг хөгжүүлэн, сурч хөгжих таатай нөхцлийг бүрдүүлсэн иргэд, байгууллага хамт олныг Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстнээр өргөмжилдөг уламжлал Дундговь аймагт бий. Энэ уламжлалаар Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэг, Мобиком компанийн Дундговь аймаг дахь салбар, Гурвансайхан сумын “Тэргүүн Инвест” ХХК болон Хулд сумын иргэн Н. Будмаа, Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Б. Жавзмаа нар хонин жилийн Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстэн болов.
Хүүхдийн төлөө гэсэн үйл бүхэн зүрх сэтгэлийн гүнээс эрхгүй ундран гарч ирдэг учраас хийхгүй, бүтээхгүй байхын аргагүй. Хийж бүтээсэн хойноо эргээд харахад хамгийн буянтай, гэгээлэг ажил болсон байдаг хэмээн “Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстэн”- үүд сэтгэгдэл хуваалцсан юм.
Тэдний нэг Хулд сумын иргэн Н. Будмаатай ярилцлаа.
-Хүүхдийн төлөө өгөөмөр үйлстэн болсонд баяр хүргэе.
- Баярлалаа.
-Хүүхдийн төлөө хийсэн ямар үйлсийг тань ийнхүү өргөмжлөв?
- Би 2000 оноос эхлэн сумынхаа хүүхдийн урлагийн наадмыг ивээн тэтгэж байна. Хүүхдэд зориулсан урлагийн уралдаан тэмцээн юу л болно, тэр бүгдийг 15 жилийн турш тасралтгүй ивээн тэтгэж ирсэн. Сумаасаа шалгарч, аймаг, улсын урлагийн наадам, уралдаан тэмцээнд оролцох хүүхдийн зардлыг ч чадах хэрээрээ шийдэж өгдөг. Тусалж дэмжээд явуулсан хүүхдүүд маань дандаа л медаль зүүчихсэн ирдэгт би үнэхээр урамтай байдаг даа.
- Яагаад чухам хүүхдийн урлагийн авъяасыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулъя гэж зорио вэ?
- Би сумын төвдөө хүнсний дэлгүүртэй. Дэлгүүр маань Соёлын төвийн урд байрладаг л даа. Дэлгүүртээ зогсч байхад Соёлын төвөөс хүүхдийн дуулах дуу сонсдож, сэтгэлд цаанаа л дотно, гэгээ татуулам санагддагаас улбаалсан. Би өөрөө урлагийн авъяасгүй. Гэхдээ сумаасаа урлагийн олон олон алдартан, авъяастан төрж, хүүхдүүд маань урлагаар хүмүүжин төлөвшиж байгаасай гэдэг үүднээс бага ч гэсэн нэмэр болохыг ингэж зорьдог.
- 2016 онд ямар зорилго тавьж байна вэ?
- Хүүхдийн төлөөх үйлсээ мэдээж үргэлжлүүлнэ. Урлагийн наадам ивээн тэтгэхээс гадна амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг хөгжүүлэх талаар санаж бодсон ажил бий.
Т. Отгонтуяа