Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа орчинд хүүхдийн урлагийн үзүүлбэрийг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-17 18:44:34

Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй иргэнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- ыг шинэчилсэнтэй холбогдуулан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс бүх сум, албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад албан тоот хүргүүлсэн байна.

Энэхүү жагсаалтад “Насанд хүрээгүй хүнийг шөнийн цагаар болон архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газарт соёлын болон цирк, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил зохион байгуулах, оролцохыг хориглоно” гэсэн заалт шинээр оржээ. Иймд байгууллага хамт олны болон олон нийтийн дунд зохион байгуулах үйл ажиллагаа, хүлээн авалт, ёслол арга хэмжээ зэрэгт дээрхи заалтыг мөрдөж ажиллахыг албан тоотоор мэдэгдсэн байна.

Дундговь аймгийн хувьд “Насанд хүрээгүй иргэнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”- аас тухайлбал, жил бүрийн 11 дүгээр сарын 1- нээс 5 дугаар сарын нэгнийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглосон заалт багагүй зөрчигддөг байна. Өвөл, хаврын морин уралдааныг тодорхой хугацаагаар хориглох тухай Засаг даргын захирамж гардаг хэдий ч мянгат малчид найр наадам хийж, морь уралдуулдаг, үүнд тэр бүр хяналт сул байсаар байдаг ажээ.

Т. Отгонтуяа

Связанные новости