Элэгний хавдраар өвчлөгсдийн 70-80 хувь нь оройтож оношлуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2016-02-26 16:46:25

МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хорооноос “ Элгээ хамгаалъя” уулзалт ярилцлагыг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалтад 200 орчим оюутан залуус оролцсон бөгөөд Эрүүл мэндийн байнгын хорооны дэд дарга Х.Бат-Ирээдүй “Ирээдүйд илгээх дархлаа”, анагаах ухааны доктор Б.Баянмөнх “Хоол хүнсний зохицолдлого” сэдвээр илтгэл тавьж залуустай нээлттэй ярилцсан юм.

Монголчууд сүүлийн жилүүдэд хоол боловсруулах эрхтний  хорт хавдраар их өвчлөх болсон бөгөөд үүнээс  элэг, нойр булчирхай, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар зонхилдог байна. Тэр дундаа элэгний өвчлөл, элэгний хорт хавдраар дэлхийд дээгүүрт бичигдэх болжээ. Элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 70-80 хувь нь оройтож, өвчлөлийнхөө сүүлийн шатанд орсон хойно эмнэлэгт ханддаг. Эрт үед нь илрүүлсэн  тохиолдолд урьдчилсан эмчилгээ хийлгэж, мэс засалд орвол амьдрах магадлал 95-97 хувьтай байдаг. Харин хожуу илэрсэн тохиолдолд эмчлэхэд хүндрэлтэй байдгийг энэ үеэр онцоллоо.

Тиймээс өвдсөн хойно нь эмчлүүлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол хамарч байхыг уулзалтад оролцсон залуустаа захив. Элэгний өвчлөл үүсгэх гол шалтгаан нь амьдралын буруу дадал хэвшил буруу хооллолт, стресс болон архины хэт  их  хэрэглээ байдаг байна.

Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд витамин С хэрэглэх, ногоо болон жимс тогтмол хэрэглэх,  архи дарсыг хэмжээтэй хэрэглэх, элэгний вирусээр өвчлөхгүй байх хэрэгтэй. Элэг өвчлөх үед ядарч, сульдан шалтгаангүйгээр турж эцэх, зарим үед аюулхай дээр цанхайж    баруун хавирганы нумаар өвдөх, нүдний салст, тагнай шарлан, өтгөн нь цайвар өнгөтэй гарч, царай харлах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ ийм шинж тэмдэг хүн болгонд адил илэрдэггүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөв.

Связанные новости