Шүүхийн ачаалал их байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнөөдөр ШЕЗ-ийн байранд сарын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Уг хуралд ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ш.Одгэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир нар оролцож өнөөдрийн шүүхийн ачаалал ихсэж, шүүгчийн ажлын хэм хэмжээ хэтрээд байгаа талаар мэдээлэв.
Монгол Улсын шүүх 2015 онд анхан шатны журмаар эрүүгийн 6756, иргэний 40674, захиргааны 1439 хэрэг буюу нийтдээ 48869 хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх үеэс 7311 буюу 17,6 хувиар өссөн дүн юм.
Шүүн таслах ажиллагааны төрлөөр авч үзвэл давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн иргэний хэрэг 29,4 хувь, захиргааны хэрэг 18,8 хувь тус тус өсчээ. Эдгээр хэргийг дагаад нэг шүүгчид оногдох ачаалал эрс ихэссэн байгааг дээрх нөхөд онцлон дурдав. Нэн ялангуяа анхан шатны шүүхийн шүүгчийн ачаалал хэрээс хэтэрч байгаа аж. Тухайлбал, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 192 хэрэг, эрүүгийнх нь 48 хэрэг, дүүргийн шүүх 56 хэрэг, сум дундын шүүх 103 хэрэг шүүж байна. Энэ нь нийслэлд 69,6 хувь, орон нутаг 8,4 хувь өссөн дүн гарчээ. Давж заалдах шатны шүүхийн хэрэг ч хот хөдөөгүй өсч байна.
Давж заалдах шатны шүүхиийн хэрэг нийслэлд 65, орон нутагт 31-ээр нэмэгдсэн байх юм. Иргэний хэргийн хувьд нийслэлд 138, орон нутагт 23 байгаа нь нэг шүүгчийн ачааллыг нэмэгдүүлжээ. Тэгвэл анхан шатны шүүхүүд шүүгчийн орон тоогоор ч дутмаг өөрөөр хэлбэл хүн хүч хүрэлцэхгүй байх явдал ч байгаа юм байна. Улсын хэмжээнд гэхэд л Сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэрэгт 75, эрүүгийн хэрэгт 67, дүүргийн эрүүгийн хэрэгт 55, иргэний хэрэгт 83, захиргааны хэргийн шүүхэд 79 шүүгч ажиллаж байгаа ч хэргийн шийдвэрлэх ачаалал хэрээс хэтэрчээ. Шүүхийн шинэчлэлээр эдгээр асуудлыг шийдвэрлэж байгаа хэдий ч одоо удахгүй хийх шинэчлэлээр шүүгчийн тоо илтэд дутна. Шинээр шүүгч болох сонгон шалгаруулалтыг хийх хэдий ч ажилдаа тэнцэж, дутуу орон тоог нөхөхөд бас л дутмаг байх нь гэдгийг өнөөдрийн мэдээллээр анхааруулсан юм. Ер нь шүүхийн ачаалал ихсэж, шүүгчийн ажлын хэмжээ нэмэгдсэн учраас хуулиудыг уялдуулан нягтруулах, шинэчлэлийг дахин шинэчлэх чухал болсон байна.
Ж.Батсайхан