"Эх орончид ба ардчилал" эрдэм шинжилгээний хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-29 15:18:34

МАН, МАХН-аас зохион байгуулсан "Эх орон ба ардчилал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордны их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхимд боллоо. 

МАХН-аас Эх орончдын өдрийг хамтран тэмдэглэх саналыг МАН-д хүргүүлсэн. Үүнийг МАН хүлээн авсан тул Эх орончдын өдрийн эхний арга хэмжээ болгон энэхүү хурлыг зохион байгуулсан нь энэ юм.

МАН-ын дарга Ж.Мөнхбат тус арга хэмжээг нээж үг хэлсэн бол "Монгол Улсын тусгаар тогтнол, түүний Үндсэн хуулийн баталгаажилт"  сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Батлан хамгаалах бодлого ба эх оронч үзэл" сэдвээр Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, "Монгол Улсын шинэ үеийн түүхэн дэх тусгаар тогтнолын товчоон" сэдвээр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, "Монгол Улсын орчин үеийн түүх" сэдвээр түүхч Д.Өлзийбаатар нар илтгэл тавилаа.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлэхдээ "Аливаа улс төрийн намууд дотооддоо өрсөлдөж болох ч гадааддаа нэгдмэл улс төрийн "шигшээ баг" шиг байх учиртай. Ингэж байж улс орныхоо нэр хүндийг бүс нутагтаа болоод дэлхийд өндөр зэрэгт авч явж чадна" гэлээ.

Илтгэлийн дараа оролцогчид өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч, санал дүгнэлтээ хэлэв.

Б.Туул

Связанные новости