"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль түүнд холбогдох бусад хуулиудыг нийтэллээ.
Зөрчлийн тухай хуулиар Хүн амын эрүүл мэнд, орчны аюулгүй байдлыг хамгаалах журмын эсрэг, Байгаль орчныг хамгаалах журмын эсрэг, Нийтийн ёс суртахуун, хэв журмын эсрэг, Нийтийн өмчийн талаар тогтоосон журмын эсрэг, Аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг, Үнэт цаас, банк, санхүү, гааль, татварын журмын эсрэг, Барилга үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг, Хөдөө аж ахуйн журмын эсрэг, Мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг, Тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг, Төрийн албаны хэвийн үйл ажиллагааны эсрэг, Төрийн байгууллагын эсрэг зөрчилд тус тус юуг тооцох, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд ямар шийтгэл оногдуулах талаар нарийн тусгасан байна. Энэ хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Мөн эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай тогтоол, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолыг нийтэлжээ. Энэ тогтоолоор, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон юм.
Н.Туяа