Үр дүнгүй шалгалтаас зайлсхийж ажиллахыг хяналтын байцаагчдад сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр 2015 оны ажлын үр дүнгийн тайлангаа хэлэлцэж, мэдээллийн цаг уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж оролцож үг хэлсэн байна. Тэрбээр энэ үеэр тодорхой асуудлуудад анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаагаа хэлээд “Мэргэшсэн, мэдлэг боловсрол өндөртэй, бусдад үлгэр дууриал болсон, төрийн өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлдэг улсын байцаагчид их бий. Гэтэл тэдний дунд хүнд суртал гаргадаг, асуудлыг шийдэхгүй удааж гар хардаг, шан харамж нэхдэг зарим нөхдийн явдал чих халууцуулж байна. Харилцагч нарынхаа үйлийг үздэг цөөхөн хэдхэн нөхдийн бусармаг үйлдэл мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэр хүндийг нийгэмд унагаах аюултай. Мэргэжлийн хяналт бол Үндэсний аюулгүй байдлын манаач шүү. Тиймээс та бүхнээс хариуцлагатай, сахилга баттай, ажлын өндөр чадвартай ажиллахыг шаардана. Үр дүнгүй шалгалтаас зайлсхийе. МХЕГ 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй” гэдгийг байцаагчдад сануулав.
Мөн тэрбээр улсын байцаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлээд “Хилийн боомт дээр манай улсын байцаагч нар 4-5 жил ажлын хувцасны хангалт аваагүй. Өөрсдийнхөө мөнгөөр улсын байцаагчийн тамгаа хийлгэдэг, ажлын хувцсаа хувиараа оёулж өмсөхөөс эхлээд тэнд орох оронгүй, машин тэргэнд толгой хорогдож байгаа улсын байцаагчид ч байна. Миний хувьд төрийн ажлыг нь хийлгэж байгаа бол ажиллах нөхцлийг нь ч хангуулахын төлөө ажиллана. Түүгээр ч зогсохгүй УИХ-д өргөн баригдаад байгаа Хяналтын тухай хуулийн шинэчлэлийг боловсронгуй гаргахын төлөө чармайн ажиллана” гэсэн байна.
Н.Туяа
Связанные новости


