ХҮН-ын даргыг огцруулсан эсэх нь тодорхойгүй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-03-02 14:40:29

Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ын Төв хороо өнөөдөр хуралдаж, нам дотроо үүсээд байгаа асуудал болон намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намын даргаас нь огцруулах тухай хэлэлцэв.

Уг хуралд С.Ганбаатар өөрөө  ирээгүй бөгөөд намын даргын тамга тэмдгийг шинэ дарга Б.Найдалаад гардуулжээ. Мөн ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Төв хорооны хурлаар Д.Гантулгыг оронд нь томилов.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Доржханд “Хөдөлмөрийн Үндэсний нам ёс зүйтэй нам. Монгол улсад институцийг бий болгох, дүрэм журмаа сахиж ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй. Тэрнийхээ хүрээнд намын дүрэм журмын дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх асуудлыг өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Хурлын хүрээнд ХҮН-ын дарга С.Ганбаатарын асуудлыг хэлэлцэж намын даргын албан тушаалаас түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Мөн 2016 оны сонгуульд ажиллах багийг өнөөдрийн хуралдаанаар баталгаажууллаа” гэв.

-Сэтгүүлчид C.Ганбаатарыг ямар үндэслэлээр чөлөөлөх шийдвэр гарсаныг лавлахад,

Т.Доржханд "Хариуцлагын ерөнхий хорооны үндсэн үүрэг бол намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага тооцох дүгнэлт гаргадаг үүрэгтэй. Манай нам  дарга байна уу, жирийн гишүүн байна уу хамаагүй намын гишүүдэд хариуцлага тооцдог, түүгээрээ ялгарах ёстой. Хариуцлагын ерөнхий хорооны дүгнэлтээр намын даргын явуулж буй үйл ажиллагаа намын дүрэм болон холбогдох хуулиудыг зөрчсөн учраас хариуцлага тооцсон гэсэн дүгнэлтийг намын төв хороонд өгсөн.

Намын дарга хүн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ижил нам дотор болж буй үйл явдлыг зохион байгуулж, эв нэгдлийг  хангах үүрэгтэй. Гэтэл намын дарга болоод хоёр гуравхан долоо хоногийн дотор анхны тушаалаар намын ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, хоёр дахь тушаалаараа Хариуцлагын ерөнхий хороог татан буулгасан. Тэгэхээр энэ хүн багийн системээр, намын зарчмаар олон түмний итгэлийг аваад явж чадахгүй гэж үзсэн. Магадгүй сайн улстөрч, сайн тэмцэгч байж болно. Гэхдээ энэ нь ганцаарчилсан тоглолттой хүн. Гэтэл бид нэг хүнээс үл хамаарах системийг бий болгоно, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Харамсалтай нь тэр дүрэм журмыг базаад хаячихлаа. Тэгэхээр итгэл үнэмшлээрээ нэгдсэн энэ олон хүмүүсийн итгэл, найдварыг бид нэг хүний эрх ашгаас болж огоорч болохгүй. Шинэ нам гэдэг утгаараа бүтцийн хувьд бэхжээгүй байж болно. Гэхдээ дүрэм журмаа барьдаг, институци бий болгодог нам байна гэсэн агуулгаар хариуцлага тооцсон. Намын төв хороо өнөөдөр хуралдаж олонхийн шийдвэрээр намын даргад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн" гэв.

-Та ямар шалтгаанаар Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн бэ?

-Энэ байдлыг үүсгэх нөхцөл болсон байж магадгүй гэж үзээд, хариуцлагаа хүлээгээд, Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөх хүсэлтээ өгсөн. Өнөөдөр шийдэгдчихлээ.

-Таныг намын тамгыг авч зугтсан гэсэн мэдээлэл гарсан?

-Дөнгөж сая намын шинэ удирдлагад хүлээлгэж өглөө. 

Мөн энэ үеэр ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил, "Албан тушаалаас нь чөлөөлсөн ЕНБД асан Доржханд өнөөдөр өөрийг нь дэмждэг хэсэг хүмүүсийг цулуулж Төв хорооны хурал гэж зарлаад ийм шийдвэр гаргаж байна. Тэгээд түүнийгээ С.Ганбаатарыг огцруулсан гэж "жүжигчилсэн тоглолт" хийж олон нийтэд цацсанд харамсаж байна"гэлээ.

Тус намын Төв хорооны хурал маргааш товлогдсон байсан бөгөөд өнөөдрийн хуралд ХҮН-ын Төв хорооны гишүүдийн 80 хувь нь семинарт оролцож байгаа учир ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулах тухай асуудал маргаашийн хуралдаанаар тодорхой болох аж.

С.Сайнзаяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости