АТГ-аас МХЕГ-ын даргад албан бичиг хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-11 12:08:15

АТГ-ын даргын зүгээс МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржид байгууллагынхаа боловсон хүчин, хүний нөөц, томилгоо хийхдээ хууль тогтоомжид нийцүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж албан бичиг хүргүүлэв.

Нийтийн албанд томилогдох, нэр дэвшүүлэх болон томилгоотой холбоотой шийдвэрт ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэхийг АТГ хянан шалгахад зарим байгууллагуудад хууль тогтоомж зөрчих асуудал гарсаар байгаа аж. Яам, агентлагийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, тухайн байгууллагын удирдлага шинээр томилогдох бүрт тус байгууллагад улс төр, нам эвслийн хүсэл сонирхол, намын харьяалал, гишүүнчлэлийн дагуу төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөх, чиг үүргийг нь өөрчлөн шилжүүлэх зэрэг томилгоотой холбоотой шийдвэр гарч байгаа нь сонирхлын зөрчил үүсгэхэд нөлөөлдөг байна. 

МХЕГ болон НМХГ-ын хувьд төрийн жинхэнэ албанд шинээр томилогдох, тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орж шилжүүлэн болон сэлгэн томилох зэргээр 2015 онд 475, 2016 он гарсаар 48 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан нь тус байгууллагад томилгоотой холбоотой шилжилт, хөдөлгөөн нэлээд гарчээ.

Иймээс АТГ-ын дарга тус газруудад албан бичиг хүргүүлж, томилгоогоо хуулийн дагуу явуулахыг сануулсан байна. 

Н.Туяа

Связанные новости