ШЕЗ-ийн дарга тэргүүтэй баг орон нутагт ажиллаад ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-11 14:58:41

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа. Энэхүү ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн төлөөлөл ажиллаж байна.

Энэ үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Архангай аймгийн "Нутгийн удирдлагын ордон”-д иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл явц, түүний үр дүн, цаашдын зорилтын талаар тайлагнаж, сонирхсон асуултад нь хариулсан уулзалтад  600 гаруй хүн оролцжээ. Ахмад шүүгч, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, гавьяат малчин зэрэг иргэд шүүхийн үйлчилгээний талаар санал хэлсний дотор Хайрхан сумын Асгат багийн малчин О.Дорж гуайн яриа анхаарал татав. Тариалангийн газраа хамгаалж сумын ИТХ, нэр бүхий компанийн удирдлагуудтай Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн тэрбээр 9 удаагийн шүүх хуралдаанд орсноо хэлж, жирийн иргэн шүүхээр эрхээ хамгаалуулж, ялж болдог болсон шударга шүүхийг биеэр мэдэрсэн талархлаа илэрхийлсэн юм. Шүүхийн үйлчилгээ, шүүгчийн ёс зүй, хариуцлага, шүүхийн тогтолцоо болон шүүхийн шинэтгэлд иргэд Архангай гэлтгүй Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ч ам сайтай байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж  дээрх аймгийн хуулийн байгууллагуудын 40 орчим хуульчдын төлөөлөлд  Р.Дворкины "Хуулийн эзэнт гүрэн”, Ж.Роулсийн "Улс төрийн лебарализм” номыг гардуулж, мэдлэг оюун, ур чадвараа цаг тутам хурцалж байхыг хүсчээ. Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт хийсэн томилолтынхоо талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж  " Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хархорины 4 шүүхэд ажиллаж, миний төсөөлж байгаагаар 2000 орчим иргэдтэй уулзаж, иргэдийн сэтгэгдлийг сонсоход тэд шүүхийн шинэтгэлийн бодлого орон нутгийн иргэдийн гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаад итгэл үнэмшилтэй байна. Шүүхийн үүд хаалгаар ороход шүүгч ажилтнуудын харилцаа хандлагад эрс өөрчлөлт орсон нь шинэтгэлийн үр дүн гэдгийг ил тод хэлж байна. Шүүгч шүүхийн ажилтнууд шүүхийн эдийн засгийн баталгаа бүрэн хангагдаагүйгээс байр сууцны байнгын гачаалд байгаагаа хэллээ. Монголд шүүхийн барилга байшингийн асуудал Монгол улсын асуудал болчихлоо. Дөрвөн хана л байж байвал шүүхийн байр гэсэн сэтгэлгээ манайд дээр дооргүй байдаг бол дэлхийд шүүхийн байрны архитектурын шийдэл соёлын түвшинд очсон. Олон аймгуудийн шүүх прокурортойгоо хамт нэг байшинд ажиллаж байна. Хэрсүү иргэд "Шүүхийн өмнө эрх тэгш мэтгэлцэх ёстой прокурорын байгууллага та нартай нэг "гэрт” амьдарч байна шүү . Ийм байгаа нөхцөлд шүүх хуралдааныг чинь хийлгэхгүй гэдэг асуудлыг бид яваандаа тавина шүү” гэж хардах эрхээ хэрэгжүүлэх үгээ хэлцгээлээ.  Монгол улсын Шүүхийн тухай хуульд "Шүүхийн байранд өөр байгууллага үйл ажиллагаа явуулж болохгүй” гэсэн заалт оновчтой заалт, үүнийг хэрэгжүүлэх шаардлага үнэхээр байгаа юм байна. Зөвхөн хөдөө, орон нутаг гэлтгүй Улаанбаатар хотод ч гэсэн шүүхийн байрны асуудал хүнд байгаа.Улаанбаатарын дүүргийн Засаг даргын Тамгын газрууд орд харш бариад гарахад, тэдний акталж хаясан байшинг шүүх эрүү өвдгөө дэвсэж гуйж байж ордог нь Монгол улсад шүүх засаглалын дэд бүтэц хаягдсан, гээгдсэн, доройтсоны илрэл. Үүнийг засч, залруулах ёстой" гэсэн дүгнэлттэй иржээ. 

Ж.Батсайхан

Связанные новости