Иргэд, ААНБ-ууд үзэсгэлэн худалдаагаар 230 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө зохион явагддаг “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаа 23 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Таван аймгийн 27 ААНБ, 120 гаруй өрхийн үйлдвэрлэгч оролцсон тус үзэсгэлэн худалдааны үеэр 230 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн талаар зохион байгуулагч Эмэгтэйчүүдийн холбооноос мэдээллээ.
Уламжлал
ёсоор шилдэг байгууллага, өрхийн үйлдвэрлэгчдийг тодруулдаг.
Энэ удаагийн шилдэг стэндтэй оролцогчоор “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн баг шалгарчээ. Харин хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэрэмжит өргөмжлөлөөр “Мөнх Аялгуу” ХХК-ийн органик хүнсний дэлгүүр, Үзэсгэлэн худалдааны нэрэмжит өргөмжлөлөөр “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК, “Батбүрэн толгой” ХХК, Архангай аймгийн Чулуут сумын иргэн Х.Рэнцэнсамбуу, Дархан сумын 13 дугаар багийн иргэн Б.Энх-Амгалан, “Дархан нэхий” ХХК, “Бенафит” ХХК, “Сэтгэл шингэсэн үйл” нөхөрлөл тус тус шагнуулжээ. Харин 2019 оны Манлай бүтээгдэхүүнээр “Сая сая баялаг”, “Мөнхөд Мандаг”, “Эгшиглэн Хорго”, “Дархан ширэн урлал”, “Дархан ариун ундарга”, “Милко”, “Дархан гэрэл”, “Тэс Оргил” ХХК болон Дархан сумын 15 дугаар багийн иргэн Г.Хашцэцэг шалгарсан байна. Цагаан сар үзэсгэлэн худалдааны шилдгийг шилдэг Гра при шагналыг хүнсний үйлдвэрлэл эрхлэгч “Мөнх Ундрам хүнс” ХХК хүртжээ.
Дашрамд тус үзэсгэлэн худалдаагаар Монгол үндэсний дээл хувцас, гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс, хөөрөг, гаанс, хөөрөгний даалин, бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараанаас гадна гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа гээд сар шинийн баярын хэрэгцээт бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлснээр давуу талтай боллоо.