ОБЕГ тусгай зориулалтын автомашинаар паркаа шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-03-16 15:12:26

Гал унтраах ажиллагааны автомашин техник, хэрэгслийг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнөөдөр хуваарилан хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын албанд 5 сая еврогийн өртөг аврах, гал унтраах зориулалтаар ашиглах Галын үндсэн албаны 4 тонны автомашин 4, үндсэн албаны 2 тонны автомашин 4, аврах албаны 1, шатны 1, ой, хээрийн түймэр унтраах 6, нийт евро стандартын 16, мөн 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэсэн гал унтраах тусгай зориулалтын 12, нийт 28 автомашиныг дагалдах багаж хэрэгсэл, техникийн хамт хүлээлгэн өгөв.

Галын үндсэн албаны болон аврах ажиллагааны эдгээр автомашин нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Монгол Улсын захиалгаар үйлдвэрлэснээрээ онцлогтой.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу эдгээр автомашин, техник тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи өмнө жилийнхээс 2.3 дахин өсч, парк шинэчлэл эрс дээшилж байгааг албаныхан хэлж байна.

Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчилжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Связанные новости