Малчид өөрсдийгөө бизнесмэн гэж харах цаг болсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-17 13:44:32

Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Мал тооллогын дүнгээр 2015 оны эцэст мал сүргийн нийт дүн 56 сая толгойд хүрсэн нь манай улсын хэмжээнд хамгийн олон мал, түүний дотор хамгийн олон адуу, хонь, ямаа тоологдсон түүхэн амжилт болж байна. Малын тоо өмнөх оноос таван төрөл дээрээ ийнхүү өссөн нь цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах үндсэн нөхцлийг бүрдүүлж байна” гэлээ.

ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ малчид өөрсдийн амьжиргаагаа авч явж байгаа гэхээсээ илүү малын гаралтай чанартай түүхий эд ханган нийлүүлэгч, эрүүл баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, өртөг бүтээгч бизнесмен гэдэг утгаар нь өөрсдийгөө харах цаг болсон гэдгийг онцлоод тэдний ажлын бүтээмжээс хамаарч цаашид улс орны эдийн засаг ихээхэн хамаарч байгааг тэмдэглэсэн юм. Иймээс өөрсдийн зах зээлийг зөвхөн дотоодод гэлтгүй гадаадад тодорхойлохын тулд төрөөс явуулж буй бодлогыг хот айлдаа бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг уламжилсан ба түүний бодит жишээ нь малчны зээлийн хүүг бууруулсан явдал хэмээв.

Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгон бууруулсан. Энэ зорилгоор Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж, “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр баталсан юм.  Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн банк жилийн 10 хувийн, сарын 0,8 хувийн  зээл олгох ажлыг энэ сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Малчны зээлийн хүү ийнхүү буурснаар 29.5 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм байна.

Зөвлөгөөний үеэр малын гаралтай түүхий эд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч, олны хүртээл болголоо.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Связанные новости