Ардчиллыг хэлбэр төдий бус жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд анхаарах ёстой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-21 12:44:49

Гадаад хэргийн яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар Улаанбаатар хотноо эхэллээ.

Семинарт Афганистан, Бутан, Камбож, Киргиз, Непал, Мьянмар, Зүүн Тимор, Шри Ланк, Индонез, Лаос зэрэг 10 гаруй орны Засгийн газрын болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож, ардчиллын үнэт зарчим болсон сонгуулийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Тодруулбал, ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын олсон ололт амжилт, тулгарсан сорилтуудыг бусад орнуудтай хуваалцахын зэрэгцээ ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.

Манай улсын хувьд 26 жилийн өмнө ардчилсан тогтолцоонд шилжиж хараат бус сонгуулийн байгууллагаа байгуулсан төдийгүй шат шатны сонгуулийг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн. Энэхүү үйл явцыг олон улсын байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч байсан удаатай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцооны хувьд Монгол Улс нь бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлэхүйц улс болж чадсан юм.

Азийн ардчиллын сүлжээний Монгол Улсын тэргүүн Л.Төр-Одоос энэ үеэр Монгол Улсыг ардчилсан улс гэдгийг юугаар тодорхойлж байгааг тодруулахад, "Манай улс ардчиллын тогтолцоонд тайван замаар шилжсэн орнуудын нэг. Бид энэ систем рүү шилжээд зогсоогүй Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулиа тогтмол явуулж байна. Түүний зэрэгцээ ардчиллын бүрэлдэхүүн хэсэг болох парламент, олон намын тогтолцоо, хүний эрхийн үндэсний комисс, авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагууд ажиллаж байна. Гэхдээ бид цаашид ардчиллыг хэлбэр төдий бус жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд анхаарах ёстой" гэлээ. 

Семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдрийн хувьд сонгуулийн тов, сонгогчдын боловсрол, хэвлэл мэдээллийн үүрэг сэдвээр арга хэмжээ өрнөх юм.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости