Матадын түймэрт айлын гэр шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Матад сумын төвөөс зүүн урагш 80 км газарт байрлах Эрдэнэбадрах багийн “Лагийн хоолой” гэдэг газар пүрэв гарагийн 16 цагийн үед хээрийн түймэр гарчээ.
Түймэрт аймгийн Онцгой байдлын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 20 дугаар отряд, хилийн 5, 6, 7 дугаар застав болон орон нутгийн иргэд нийлсэн 100 гаруй хүн ажиллаж цурманд оруулсан байна. Тус сумын нутгаар хүчтэй салхи салхилж галын хамрах хүрээ цааш тархан түймрийг унтраахад ихээхэн хүндрэл учруулжээ.
Түймэрт Матад сумын Эрдэнбадрах багийн “Лагийн хонхор” гэдэг газар малчин Д-гийн 2 гэр, 40 бог мал, өвөлжөө саравч өртөж шатсан байна. Гал гарах үеэр гэрийн эзэд гэртээ байж таараагүй учир азаар хүний амь нас эрсдээгүй гэдгийг орон нутаг дахь эх сурвалж мэдээллээ.
Хаврын хуурайшилт эхэлж буй энэ цаг үед иргэд та бүхнийг хөдөө хээр зорчихдоо анхаарал болгоомжтой явахыг сануулъя.
Б.Туяа