Г.Шийдэгдамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Цогд хариуцлага тооцно гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-03-21 14:54:55

МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрөгч 7 хоногт хуралдаж, цагийн үеийн болон цаашид авч хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн, холбогдох шийдвэрүүд гаргажээ. Энэ талаар өнөөдөр тус намын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Б.Тулга болон Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар мэдээлэл хийв.

Гүйцэтгэх товчооны хурлаас МАХН болон МАХН-ын дарга Н.Энхбаяр руу чиглэсэн улс төрийн захиалгат, гүтгэлэг явуулж буйг эсэргүүцэн, мэдэгдэл гаргасан тухайгаа тэд онцлов.

Уг мэдэгдэлд “Сонгууль дөхсөн улс төрийн эгзэгтэй энэ үед МАХН-ын “санхүүжилтийг нь шалгаж байгаа” нэрийдлээр элдэв хууль бус дарамт шахалт үзүүлж байна. Энэхүү хууль бус үйл ажиллагааны гол зорилго нь МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн бусармаг санааг агуулж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Энэ бүх балмад ажиллагаанд ёс суртахуунгүй, жудаггүй нэр бүхий зарим хүн бусдын гар хөл болон ашиглагдаж байгааг МАХН-ын гишүүд, дэмжигчид жигшин зэвүүцэж байна. Ялангуяа сонгууль ойртох тусам МАХН-ын жирийн гишүүд, удирдлагыг элдвийн аргаар ил далд заналхийлэх, үндэслэлгүйгээр удаан хугацаагаар шоронд хорьж, тэд нарт болон ар гэрийнхэнд нь бие, сэтгэлийн нөхөж баршгүй хор хохирол учруулж байгаагаа нэн даруй таслан зогсоож, Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан “Иргэнийг эвлэлдэн нэгдсэнийх нь болон үзэл бодлынх нь төлөө, түүнчлэн намын гишүүнийх нь хувьд мөшгин хавчих, гүтгэн, доромжлох, дарамтлахыг хориглоно” гэсэн заалтыг чанд сахин мөрдөж ажиллахыг улс төр-бизнесийн бүлэглэлийнхний гар хөл болсон хууль, хүчирхийллийн байгууллагын албан тушаалтнуудаас хатуу шаардаж байна.

Энэ үйлдлээ таслан зогсоохгүй бол бид шудрага ёсны төлөө хүний эрх, эрх чөлөөг хамгаалан дээдэлдэг гадаадын улс орон, Олон улсын байгууллагад хандан намын гишүүд, дэмжигчид, жирийн иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө шаргуу тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Уг мэдэгдлээс гадна Гүйцэтгэх товчооны хурлаар гурван Ажлын хэсэг байгуулжээ. Үүнд, Монголын ногоон намтай хамтран ажиллах, сонгуульд эвсэл болж оролцох асуудлыг судлах Ажлын хэсгийг тус намын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгээр ахлуулж, АН болон МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийг МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоор ахлуулж, МАН болон МАХН сонгуульд эвсэж орох асуудлыг судлах Ажлын хэсгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Улаанаар ахлуулж тус тус байгуулсан байна.

Үүнээс гадна намын дотоод сахилга хариулцлагын асуудлыг Гүйцэтгэх товчоо онцолж хэлэлцэв. Өөрөөр хэлбэл намын зарим нэг гишүүддээ хариуцлага тооцох талаар Хяналт, ёс зүйн хорооноос ирүүлсэн асуудлыг хэлэлцэн, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг намын бага хуралдаа оруулах болсон байна. Мөн тус намын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цогд хариуцлага тооцох асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөн, түүнтэй холбоотой мэдээллүүдийг удахгүй нийтэд дэлгэнэ гэж Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням хэлж байв. Цаашид намын дүрмээ биелүүлээгүй, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд хатуу хариуцлага тооцож байхаа мөн мэдэгдлээ. 

Тус намаас хэвлэлийн бага хурал хийж байх үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог болон УИХ-ын гишүүн  Г.Уянга нар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч байгаагаа Төрийн ордонд албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар намын удирдлагууд нь хэрхэн хүлээн авч байгаа талаар тодруулахад “Л.Цог гишүүний хувьд хачирхах зүйл байхгүй. Угаасаа түүний ярьсан зүйл, хийсэн мэдээллээс нь тодорхой байсан. Харин намаас гарах эсэх асуудлаар одоогоор албан ёсоор бидэнд ирсэн зүйл байхгүй” гэж нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хариуллаа.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Связанные новости